Хятадын Коммунист нам бурханаас эмээдэг Монголын улс төрийн томоохон хүчнийг уучлахгүй л байх

Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Оросын "AsiaRussia" сайтад саяхан нийтлэгдсэн "Монголын эрчим хүчний эрэлт хэрэгцээ буюу физикийн хуулийг зөрчсөн нь" нийтлэлийн II дахь хэсгийг орчуулан хүргэж байна.

Үргэлжлэл, түрүүчийг энэ линкээс унших боломжтой.

http://pressnews.mn/article/26

...Сайд Л.Болд нь  Буриадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзахдаа Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барихыг болиулж өөр усны нөөцийг ашиглана гэсэн. Гэтэл 2015 оны тавдугаар сард бас нэг сайд  М.Зоригт “Усан цахилгаан барихгүй. Бид дэлхий нийтээрээ Байгал нуурыг хамгаалах ёстой. Орос, Монгол хоёр хоорондоо эв түнжин муутай байгаасай гэж хүсэгчид ч цөөнгүй...” гэсэн. Гэвч бид хамтран Байгал нуурыг хамгаалах тавилангуй бололтой. Ингээс эцэст нь Дэлхийн банк болон БНХАУ-ын тусламжтайгаар  усан цахилгааны станцыг барих төслийг  ОХУ зогсоолгож чадсан. Гэвч Монголын өшөө авагчид тоглоомоо зогсоох бодолгүй байгаа бололтой. Төрөөс хэрэгжүүлэх хөтөлбөр ч тэдний санааг улам дэвэргэж  Хятадаас олгох 4.2 тэрбум ам.долларын зээл, ОУВС-гын 1-1.5 тэрбум ам.долларыг ашиглах боломж хэмээн үзнэ.  Далай лам Монголд айлчилсан нь БНХАУ-аас авах гэж байсан зээлийн  асуудлыг хойшлуулсан. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй л болов уу.  Хятадын Коммунист нам нь тэдэнтэй янз бүрийн гэрээгээр холбогдсон, бурханаас эмээдэг, төөрөлдчихөөд байгаа   Монголын улс төрийн томоохон хүчнийг уучлахгүй л байх. 

Цөлийн цунами

“Хил хязгааргүй гол” олон улсын байгаль орчинг хамгаалах эвсэлийн Орос дахь зохицуулагч Александр Колотов нь “Ус хадгалдаг санд их хэмжээний ус  хуримтлагдваас  ачаалал дахин хуваарилагдаж газрын чичиргээний давтамж нэмэгдэнэ” хэмээн анхааруулсан билээ. Үүнийг ОХУ-ын ШУА-ийн Газрын хөрсний хүрээлэнгийн эрдэмтэд баталж “Усан цахилгаан станцыг барих гэж байгаа газар нь газар хөдлөлтийн бүсэд оршдог.  Газар хөдлөхөд  давалгаа нь Сэлэнгэ мөрний урсгалыг дагаж урсах бөгөөд замдаа байгаа бүхнийг хамаж Улаан-Үдэд хүрнэ” гэсэн. Буриадын Байгалийн асуудал хариуцсан бүс нутгийн нэгдлийн дарга С.Шапхаев “Газар хөдлөхөд хуримтлагдсан усны нөөц нь Монголын газар нутгийн талыг  үгүй хийж Шуренскийн цахилгаан станцаар дайраад хагас өдрийн дотор Улаан-Үдэд хүрнэ. Ингэхдээ усны урсгалын хурд  цунамитай ижил байх болно” хэмээн анхааруулсан юм.

Байгал нуурын ус зундаа нэлээд нэмэгдэж, өвөлдөө багасдаг. Хэрвээ Сэлэнгэ мөрний сав газар дээр усан цахилгаан станц барих юм бол бүх юм эсрэгээрээ эргэнэ. Учир нь ус зундаа  хуримтлагдаж, өвөл нь багасдаг.  Тиймээс усны хэм, хими болон биологийн бүтэц, голдирго гээд бүгд өөрчлөгдөнө... Усан цахилгаан станцыг хүдрийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор барьдаг. Тиймээс гол, дараа нь нууранд үйлдвэрлэлийн хаягдал, хортой бодис орох магадлалтай. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Байгал нуур бүр үгүй болох аюул нүүрлээд байгаа тухай бичдэг. Хэрвээ энэ төслийг хэрэгжүүлбэл  Хөвсгөл зэрэг Монголын бусад нууранд сөргөөр нөлөөлнө хэмээн тус улсын байгаль хамгаалагчид сэтгэл зовниж сууна.

С.Шапхаев Улаанбаатарт болсон уулзалт дээр  Монгол, ОХУ, АНУ-ын  мэргэжилт нэгт нөхөддөө “Одоогоос 60 жилийн өмнө Братскийн усан цахилгаан станцыг барихад тосгоны оршин суугчдыг хүчээр нүүлгэн шилжүүлсэн. Нэг мэдэхэд л бид дүрвэгсэд болж насан туршдаа сэтгэлийн шархтай үлдсэн. Энэ бол бидний хувьд жинхэнэ эмгэнэл болсон.  Байгалийн усны түвшинг 82 см-ээр нэмэх гэж Ангарскт хиймэл хүрхрээ барихад нуурын эрэг дагуух усаа өөрөө цэвэрлэдэг тогтолцооны механизм үгүй болсон. Энэ нь сүүлийн жилүүдээс л эргээд сэргэж байгаа” хэмээн ярьж байсан. Үүний хажуугаар хортой замаг хаанаас ч юм бүү мэд гарч ирж бас Хятад савласан цэвэр усны үйлдвэр барихаар нэлээд өргөн хүрээг хамарсан ажил эхлүүлжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Байгалийн асуудлаарх бүс нутгийн нэгдлийн дарга С.Шапхаев  Буриадын АТВ телевизэд ярилцлага өгөхдөө “Миний бодоход Орост нөхцөл байдалд нөлөөлөх арга зам бий. Зөвлөлтийн үед тавьсан Монголын өрийг хүчингүй болгох асуудлыг одоо яригдаж байгааг мартаж болохгүй. Энэ бол 5 тэрбум ам.долларын өр. Оросын ундны усны нөөцийг 80 хувь, дэлхийн ундны усны нөөцийн 20 хувийг агуулдаг Байгал н уурын талаар яригдахад асуудлыг ингэж л тавих хэрэгтэй. Бид өрийг тань хүчингүй болгоно та нар гарын үсэг зурсан олон улсын гэрээ хэлэлцээрээ баримтал ” хэмээн ярьжээ. Гэвч одоогоор Оросын талын ямар ч тайлбар, баримт  Монголд үйлчлэхгүй байгаа.

Оросоос эрчим хүч авснаар Монгол хараат байдалд орж, эдийн засагт нь маш их хохирол учирч байна хэмээн төрийн албан хаагчид бухимддаг. Үүний төлбөрт Монгол жил бүр 25 сая ам.доллар төлж байгаа гэдэг. Хэрвээ Орос усан цахилгаан станц бариулахгүй юм бол биднийг үнэгүй цахилгаанаар хангах ёстой, учир нь манай голын усыг ашиглаж байгаа гэсэн. Тэдний ярьж байгаагаар оросууд усыг нь худалдаж авах ёстой бололтой. Ингэхдээ 2016 онд  Монгол Оросоос 176,3 сая кВт, Хятадаас 1090 сая кВт эрчим хүч авснаа дурдахгүй байгаа.

Оросын  ШУА-ын харьяа Усны эрчим хүч болон усны аж ахуйн системийн лабораторийн дарга, техникийн ухааны доктор В.Никитин хэлэхдээ “Шүрэн болон Эгийн голсын усан цахилгаан станц нь Сэлэнгэ мөрөнд нөлөөлнө гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Бусад усан цахилгаан станцуудын нөлөө тийм ч их биш. Учир нь усан сангийн нөөц, Оросын хилээс зайтай байрлаж байгаа зэрэгтэй холбоотой. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхгүйн тулд илүү уяан хатан бодлого баримтлаж Монголын талын сонирхолыг татахуйц тодорхой санал тавих хэрэгтэй. Ингэхэд энэ асуудал дээр ахиц гарна гэдгийг би харж байна. Одоогоор бол Монголд усан цахилгаан барихыг эрс хориглосон гэсэн яриа олон нийтийн байгууллагууд төдийгүй янз бүрийн түвшний удирдах байгууллагуудад давамгайлж байна.  Тиймээс бид үндэслэлтэй санал тавихаар бэлдэж байх хэрэгтэй.”

Хилийн хоёр талаар аль ч талд нь орохгүй байгаа хүмүүс нэлээд байна. Монголд зарим нь гидро эрчим хүчээс бусдыг үгүйсгэж байхад Орост зарим нь Монголд усан цахилгаан станц барьж болохгүй хэмээн тунхагласаар. Заримдаа энэ хоёр эсрэг тэсрэг байр суурь нь гол зорилго нь болох шахна. Бид сайн хөршийн харилцаатай байхыг хүсвэл монголчууд ч, оросууд ч, аль аль талд нь нийцсэн зөшилцөлд хүргэх хувилбарыг олох ёстой. 

 


Юмсүрэнгийн ДЭЛГЭРМАА

1997 оноос “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж байгаа. Австрийн Дунайн их сургуульд олон улсын сэтгүүл зүйгээр мастер хамгаалсан. “Radio Free Europa”, “Deutsche Welle”-д мэргэжлийн дадлага хийж, “Өдрийн сонин”-ы Берлин дэх тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан.