Монголын ёс заншлын гайхамшиг

Нүүдэлчин ард түмний оюун санаагаар бүтэж, мянга мянган жил дамжин өвлөгдөж ирсэн монголчуудын үндэсний ёс заншил, соёлын биет өв, язгуур урлаг, гар урлалын тухай ховор мэдээллийг pressnews.mn түгээнэ.

Түүхч, зохиолч Бэсүдэй Н.Нагаанбуу

2013 он

Гадаадын эрдэмтдийн нэр, гадаад нэр томъёогүй учир эл сэдэв нэг л шинжлэх ухаанч бус санагдаж болох. Гэтэл тэгж болдоггүй магадгүй ганц асуудал нь үндэсний ёс заншил байж болох юм. Хүн төрөлхтний нийтлэг авъяас, (уг нь айс юм. Шидлэг ай хэр заяаж төрсөн бэ гэсэн шиг утгатай олон тооны нэрийдэл) шидлэгийг монгол зан заншил гэж тодлон авч үзэж болмооргүй тал буй. Жишээ нь ёр, зөн, совин гэх мэт бөгөөд гэхдээ түүнийг ойлгох, тайлбарлах, оноож дүгнэх тал дээр үндэсний өвөрмөц сэтгэлгээ түүнд тулгуурласан зан заншил үүдэх нь гарцаагүй хэрэг. Үүнийг цухас тайлбарлаваас

Нэг: Ёр

Сайн зүйл мөрөөдөх, тийм болох сэтгэгдэл төрөөд байх нь зөн мөн. Гэтэл муу юм болмоор тийм чанарыг ёр гэнэ. Сайны ёр гэж байж үл болох лугаа адил муу зөн гэж огт байдаггүй. Монгол ардын дуунд

Зүүн нүдний дээд зовхис жирвэс жирвэс татаад байнаа хө

Зүүн айлын Дуншаан гөөгөө ирэх нь ч юм уу даа

гэж өгүүлдэг нь нэг л бүтэлгүй хариу, бүтэшгүй үйл болж болзошгүйг харуулсан хэрэг. Энэчлэн хар дарж зүүдлэх, шүд унаж зүүдлэх, морь унаа болон өөрөө бүдрэх, зүүн чих хангинах, хар шувуу ойр ирж гуагалах, шувуу тоонон дээр эргэлдэх зэрэг аль муу ёрыг хэлж барах вэ? Хэдийгээр ёр гэсэн үйлдэл ойлголт хүн төрөлхтөнд түгээмэл ч монгол ёс заншилд тэс өөр сэтгэлгээний тус­халаар бууж байгааг эндээс харж болно. Түүнийг доорхи ёс заншлаар баталж болох мэт.

- Айлын гэрт хүн шээвээс муу ёр. Шээсний нь хольцтой зүйлийг өөрт нь өгч уулгах, эсвэл гэрийн эзний шээсийг уулгах зэрэг домтой.

- Түймэр нэгэн амины нэхэлтэй гэдэг. Заавал гарз олзны үүдийг шатаадаг гэх нь гал өөдөө гэсэн үндэсний гал шүтлэгт хамааралгүй байна. Гал өөдөө боловч голомт давсан түймэр гай ажээ. Ийм болохоор "гал аюултай" гэх нь буруу "түймэр аюултай" аж. Гал эсэргүүцэх алба бус түймэр эсэргүүцэх алба чухал аж, Галлаад! гэх орос орчуулгаар ярих бус буудаад! гэх нь зөв болох зэрэг нарийн ойлголтууд ундарна.

- Анчин хүнд нохой зээх тааралдвал ихэд сэжиглэдэг. Гэтэл европынхон хар муур хөндлөн гарвал сэжиглэнэ. Хэрэв зээх тааралдвал монгол хүн "цэнэгтэй буу чигээ бүү алд! Чи муу зээх чихээ бүү гарга!" гээд үргээж бууддаг засалтай байна. Энэчлэн цагаан буга, чоно, тарвага зэргийг тааралдвал бууддаггүй хэрэв буудвал голомт сүйрэх ёр болно гэдэг. Хар домын судар зэрэгт муу ёрыг мэдэх засах талаар өгүүлсэн нь арвин буй. Тухайлбал: "Унасан морь дөрөө зууваас, агт морь гүү гишгэвээс муу ёр болно. Морины хүйсний үс туурайнаас нь дөрөв дөрвөн ширхэг үс авч оломноос нэг хэсэг жирэмнээс хоёр хэсэг, дөрөөнөөс нь нэг хэсэг, эмээлийн хойт хотгороос долоон хэсэг, сүүлийг хяргаж угаагаад тэр усыг дөрвөн зүгт цац! Цацсан юмаа билчээ­рээс хол чулуугаар дар! гэх мэт.

 

Энэ мэт жишээ үй түм бөгөөд говийнхон гэхэд атан тэмээ, буйлваас ёр ирнэ. Халзан үхэр есөн зүйлийн идээ зул хүж өргөж атан тэмээг цохиж алаад өмнө зүг сэвсийг нь гарга! гэх мэт заслыг нь заасан байхад баруун аймгийнхан унасан морь нь ижилтэйгээ байгаа тохиолдолд янцгааваас эзэн нь үхэх ёр хэмээн сэжиглэж зохих засал хийж байх жи­шээтэй. Энэ мэтээр нохой айлд урвах, авдар сав дуугарах, могойн хөл хярах, цээртэй ёс ойр орчинд үйлдэгдэх зэрэг олон зуун тохиолдлыг зааж засал зүхлийг нь гаргасан байдаг болно. Энэ нь "ёр судлал"-ыг хөгжүүлж утга учрыг нь бэдрэх зайлшгүй шаардлага байгааг харуулдаг.

Хоёр: Зөн

Хүний оюун ухааны гайхамшигт чадварын тодорхой илрэлийн баримт нь муу ёр, сайны зөн, хачин совин, онгод орох, мэргэ төлгө үнэн байх зэрэг өч төчнөөн чадвар болно. Энэ бүхэн бөө мөргөлд түгээмэл байх эрдэм аж. Зөн гэхэд зорьсон ажлын аянд цаг агаар таа­ламжтай, тааралдсан хүн зоны авир ааш өег, халуун хошуутай мал хөндлөн дай­ралдах зэрэг олон учралаас гадна тухайн өдрийн өнгө зураг, жил, мэнгэ зэрэг нарийн зурхай байдаг аж.

Зүүд тайлах, зүг чиг гаргах, зөв цагт эхлэх гэх мэт зан үйл нь бүгд зөнтэй холбогдох зан үйлүүд юм. Баруун нүдний дээд зовхи татах, хөлийн ул загатнах /хол явах/, магнай тэнийх, зурхайн тооллын эерэг болох зэрэг олон шинж зөнд хамаатай аж. Зөн нь бас ай билгээр утга учрыг нээх, совин татах, мэргэн түргэн шийд олох зэрэг давхцалтай бөгөөд ялангуяа алив үйлсийг билгээр нээх мэргэн ухаан чухаг аж. Энэ нь төлгөдөх /зоос, ховлого, гэх мэт/ үйл бус мэргэн гэдэг нь мөр үг буюу ирээдүйг зөв тайлах билэг ухааны үйл давуу хэрэг, нээхүй чанар болно.

Энэ ч бас зөн мөн болой. Үүний сонгодог жишээ нь ерөөл, магтаал, зүйр цэцэн үгс, оньсого зэрэг аман зохиолын далай баян сан бөгөөд тухайлбал үлгэрийн төмөр цэрэг, үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй мод­ноос дээгүүр нисэх, саран дээр очих, од мичдэд хүрэх, үхсэн хүнийг анагаах, сэргээх, мангасыг дарах, эцэстээ жаран жилийн жаргал болох гэх мэт уран сэт­гэм­жүүд нь өнөөдөр нэгэнт хэрэгжсэн үнэн бодот зөн байс­ныг илтгэнэ.

Гурав: Совин

Энэ нь ёр ба зөнгийн илрэл үйлдэл болно. Тухайлбал баруун нүдний зовхи татах /зөн/ үүдэн шүд унаж зүүдлэх /ёр/ зэрэг аж. Гэхдээ совин гэдгийг мэдээлэл /парапсихологи/ оюун билгийн үйлдэл хэмээн үзэж байсныг "Миний аль чих хангинаж байна?" хэмээн асуух, баруун бол "намайг сайнаар хэлэх хэн байх вэ" гэх, зүүн бол "тэр л муу хэлж байгаа биз" хэмээн бодох зэрэг нь совинд бодот ач холбогдол өгч байсны илрэл тэр нь эдэвгээ хүртэл уламжлагдан ирсний нотлогоо болмуй.

Энэхүү совин мал амьтад ч түгээмэл байдаг тод илрэлтэй учраас малчид байгал дэлхий цаг агаарыг шинжихдээ өргөн ашиглаж байсныг өмнө бид үзсэн билээ. Жишээ нь газар хөдлөхөөс гурваас цааш хоногийн өмнөөс нохой сүүлээ хавчин гиншэж гэр тойрон гаслах, хотны мал тогтворгүй болох, бод мал үргэж дайжих зэрэг нь тэд зөн билэг ухаа­наар мэдэж буй хэрэг бус гай гамшиг ёр учрахыг тооцсон бус гагцхүү байгал-амьтан хоёрын хоорондох мэдээлэл совин чанар ажээ.

Дөрөв: Мэргэ төлгө

Ирээдүйн үйл хэрэг, түүний бүтэл, эрэл хайлт олз гарз, зовлон жаргалын мөрийг үгээр хэлэх /мэргэ/-ийн тул заавал дам зүйлээр шинжиж түүний дохио чанарыг нээхийг төлгө гэмүй. Үүнд энгийн үйл явдал цээр бэлгэдлээс ургуулан шинжихээс эхлээд дал тавих, ховлого татах, ном нээх, үг хэлүүлэх, сүнс дуудуулж онгоор /онго/ хэяүүлэх, яриа чагнуулах, мөр тандуулах, зоос гүйлгэх, зүүд тайлуулах зэрэг олон арга зүй буй бөгөөд тэр бүхэн нь маш арвин ёс заншил үйлдлийн уламжлалтай болно.

XIII зууны хаад далаар мэргэлүүлж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэглэлд тодорхой дурдсан нь буй. Харь бусад ард түмнүүд ч хөзрөөр мэргэлэх, шоо хаях гэх мэт олон төлгөдөлтэй боловч дал түлэх зэрэг дээр дурдсан ёс заншлууд нь яах аргагүй нүүдэлчдийн өв соёл уламжлал мөн тул ихэд нарийвчлан судлууштай бөлгөө.

Тав: Үндэсний соёл

Бид нүүдлийн соёл иргэншил хэмээх нэр тойм хэрэглэх дуртай. Энэ нь юуны өмнө "байгал хүн мал" гэсэн гурамслал бөгөөд бидний дээр дурдсан ёс заншлуудын онцгой чанар төрөлх дархлаа нь үндэсний соёл мөн. Жишээ нь морь уралдуулах, бөхийн барилдаан, Сур харваа, монгол дээл, тэрлэг, гутал, айраг уух, цагаан идээ бэлтгэх, гэр өргөө орд, хуур цуур, бий биелгээ, малч эрдэм зэрэг өч төчнөөн зүйл дурдаж болох бөгөөд эдгээр зүйлс нь чу­хам монгол хэмээх нэр алдрын онцлогийг өргөж байдаг тул өвлөн уламжлаж өртөөлөн удамшуулах ёс заншлууд мөнөөс мөн билээ.

Зургаа: Ардын урлаг

Монгол ёс заншил гэх сэдэвт үндэсний урлаг чухал байр суурь эзэлнэ. Дэлхийн өөр бусад ямар ч улс ард түмэн бүтээж чадаагүй уртын дуу, хөөмий, дэмбээ, морин хуур, найр, наадам, морин эрдэм, монгол гэр, ботго төл авахуулах эгшгийн урлаг, хурай, уухай, зал барил, овоо, эсгий, уул усны тахилга магтаал, галын тахилга гээд тоочивч үл барах олныг дурдаж болмуй. Эдгээр урлагаа төгс эзэмшиж монгол хүн гэдгээрээ бахархаж явах нь уламжлал шинэчлэлийн гол учиг мөнөөс мөн ажгуу. Монгол хүн шиг исгэрэх, хөлгийн нуруун дээр дуу хадаах хийморьтон байдаг гэж үү.

Долоо: Өв

Өв гэдгийг зөвхөн эд хөрөнгө мэтээр үзэж үл болмуй. Хэдэн сая живаа жилийн өмнө амьдарч байсан элдэв төрлийн үлэг гүрвэлүүдийн яс өндөг зэргээс эхлээд хэдэн арван мянган жилийн түүх нууцалсан хадны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгал, ариун дагшин ус голууд бидний өв бөгөөд тэдгээрийг хайрлаж, хадгалж хамгаалж өдий хүрсэн уламжлалаа хөгжүүлж ёс заншлаа дээдлэх явдал өнөө хийгээд ирээдүйн гол үүрэг ажгуу. 13 алтай, 23 хангай, 33 говь, Хөвсгөл далай, Сэлэнгэ мөрөн, Гур­ван голын төв, Хархорум... Монгол эх орон минь бидний мөнхийн өв.

Найм: Аман зохиол

Монгол хүн бүрийг уран үгийн авьяастан, түүнийг судлан цээжлэж сурталчлан дэлгэрүүлэгчид гэж ярьдаг нь үнэн билээ. Ерөөс монголчуудын ахуй амьдралын өдөр тутмын дэг ёсонд аман зохиол үйлчлэхгүй, түүнд цаг зав гаргахгүй тохиолдол байдаггүй байжээ. Чухам иймээс бүтэн сар хэлдэг тууль /найраглал/, үлгэр / роман тууж/ өч төчнөөн бөгөөд энэ дундаас "Монголын нууц товчоо", "Жангар", "Бу­риад Гэсэр" зэрэг сонгодог бүтээлүүд "Хан харанхуй" зэрэг олон туульс дэлхийд алдаршжээ. Монгол амьдралын цаг хором, алхам бүхэн аман зохиолоор амьсгалж байдаг бөгөөд сургаал үг, зүйр, цэцэн үг, хошин үг, ёгт үг, ёж үг зэрэг үг холбооны төрөл, "оньсого", "таавар", "хурдан хэллэг", "түргэн хэллэг", "жо­роо үг" зэрэг уран сэтгэмжийн байгалийн уянга дуулал, ерөөл магтаал бөө мөргөлийн уламжтай тахилга, урт богино бэсрэг дууны төрөл, уриа, хурай, дууд­лага, аялага, зээхүй, уухай, гүүргий, тушгиралт, зийлгэ /ямаа/, гурий гээд тоочивч эс барагдах төрөл салбар бүхий бөгөөд тэдгээрийг судлах, сурах явдал монгол үндэстнээ хөгжүүлэх чухал хөшүүргийн нэг мөн ажгуу.

Ес: Бичиг үсэг

Монголчууд шиг нэн эртнээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэглэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эхлээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га­ралтай/ IХ-Х зуунд зохиогдсон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг­ваандорж 1905 онд зо­хио­сон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоолоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалагдаж байдаг ажээ.

Арав: Хар хайрцаг

Төрийн хар хайрцагны бодлого нэн эрт үеэс уламжилсан гэж ярьдаг боловч тэр нь хар өнгийн хайрцаг дотор нууц бичиг хаадын гэрээс зэргийг хийдэг цоожтой хайрцаг байсан мэт ойлгох нь буй. Хар гэдэг нь "хүч"-ийг төлөөлж хайрцаг гэдэг нь хайртай нандин зүйл агуу­лах жижиг сав гэсэн зүйрлэлээр төв гол бодлогыг төлөөлж байсан ажээ. Үүнд:

Нэг: Хуянь /хиан/ угсаа /хуяньны буюу Хүннү гүрний үеэс батлагаатай/-т алтан ураг ясныхан төр барих ёсон.

Хоёр: Алтан чинхур /шонхор/ шүтээн /хиадын/ нандигнах тэнгэр угсаа

Гурав: Алтан аргамжаа /Уг угсааны эмэгтэйн хадам тал/ буюу эмэгтэйчүүдээр хадмын талыг нь барих ухаан бөгөөд одоо үед нэгэнт алтан урагтан үгүй болсон, алтан чинхур шүтээн үрэгдсэн тул энэ хэллэг уламж­лалт утга өвөө нэгэнт алдсан байдалтай. Тэдний өмч нандигнал асан төрийн тамга, исэр, хар цагаан туг зэрэг сүрд нь ч үрэгдсэн тул шинэчлэх шаардлага бий. Гэхдээ төрийгхэдхэн хүний дангаар эзэмших өмч болгох "цус ойртох" хэрэгсэл болгохгүй байхыг эрхэмлэх нь зөв бөгөөд тамга туг, дуулал, сүр /тэмдэг/ зэргийг зангидсан төрийн голч бодлого /үндсэн хууль/ энэ сэдвийг төлөөлж болох мэт.

Үргэлжлэл бий

 



Сэтгэгдэл