Арабад нүүргүй болсон К.Сайраан Туркуудыг эргүүлдэж эхэлжээ

Борооны дараах мөөг шиг олширсон Төрийн бус байгууллагуудын ихэнх нь том яривал улс орны нэрийг, зөөлөн дуугарвал өнчин ядуус, шашин шүтлэгийн нэрийг барьж гадны улс орнууд, төрөл бүрийн байгууллагаас санхүүжилт олж, олсон орлогоо нэр зээлсэн улс орон, эмзэг бүлэг, шашны цөөнхөд биш зөвхөн хувийн сонирхолдоо ашигладаг болоод уджээ. Ийм сонирхлын бүлгүүдийн анхаарлаас хүн амын цөөн хувийг эзэлдэг казахууд ч хол байсангүй. Тэдний нэрийг барьж гадны байгууллагаас мөнгө босгож яваа хүмүүсийн нэг бол К.Сайраан.

УИХ-ын гишүүн, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан өнөөдөр казахуудын нэрийг барьж Монголд ажил албаны шугамаар ирсэн араб болон зарим улс орны иргэдээс хандив тусламж гуйдаг ажилтай болжээ. 1990 оны намар тэрээр АИХ-ын депутат байхдаа “Монголын мусульманы нийгэмлэг”-ээ байгуулсан байдаг 2006 оноос тус нийгэмлэгийн үйл ажиллагаа нэлээн идэвхижиж, 2008 онд хотын А зэрэглэлийн бүсэд Мусульман шашны соёлын төвийг босгох ажлыг эхлүүлж байв. Хотын төв, баруун дөрвөн замаас жаахан баруун тийш яваад Төмөр замын вокзал руу эргэх өнцөг дээр баригдаж байгаад орхигдсон улаан тоосгон долоон шовх оройтой, содон барилга бол дээр өгүүлсэн Монголын Мусульман шашны соёлын төв, мөргөл зан үйлийн томоохон сүм.

Гэвч ислам шашин шүтэгчдийн олон жил хүлээж байгаа энэ барилгын ажил зогсоод долоон жил болсон. Шалтгааныг нь холбогдох хүмүүс хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой хэмээн тайлбарладаг. Баригдаж дуусаагүй балгас болсон энэ барилга болон үндэсний цөөнх казахууд К.Сайрааны мөнгө олох гол хэрэгсэл болчихоод байгаа юм. Өнгөрсөн онд тэрээр дээрх сүмдээ хөрөнгө оруулалт татахаар Туркийн нийслэл Станбулын амбан захирагч Кадир Топбашинтай холбогдсон мэдээ бий. Станбулын амбан захирагч Монголын казахуудад зориулсан мөргөлийн сүмд туслахаар энэ оны эхээр Туркээс төлөөлөгчдөө явуулсан боловч Улаанбаатарт ирсэн хүмүүс К.Сайраанд “за” гэж хэлэлгүй буцсан байна. 

 Энэхүү ислам шашны соёлын төв, мөргөлийн сүм К.Сайрааны санаачилгаар боссон бөгөөд Кувейт болон Саудын Арабаас хөрөнгө оруулалт оруулалт хийж байжээ. Үүнд зөвхөн Кувейт Улс гэхэд 500 мянган ам.доллар өгч байсан мэдээ бий. Гэвч казахуудын шашны зан үйлийг дэмжихэд зориулж, шашин нэгтэй улс орнуудаас илгээсэн тусламж, халуун сэтгэл эзэндээ хүрдэггүй юм байна гэдгийг Туркээс ирсэн зочид Улаанбаатарт ирээд ойлгосон байна.

Мусульман шашинтнуудын эрх ашгийн төлөө зүтгэж яваа хэмээн тусламж туслалцаа гуйж, хөрөнгө гаргуулж авсан К.Сайрааны хувийн сонирхол, шуналыг Кувейтууд төдийгүй Саудын Арабууд андахаа больж, монголын казахуудын нэрийг барьж, хувьдаа хөрөнгө завшдаг нэгэн гэж тодорхойлдог болсон сурагтай. Харин өнгөрсөн сард ирсэн Станбулын хотын төлөөлөгчид арабын орнуудын хөрөнгөөр баригдвал баригдаад, аль хэдийнэ дуусвал дуусчих байсан мөргөлийн сүм ашиглалтад ороогүй байхад К.Сайраан өөрөө УИД-ийн зүүн талд “Алтай” худалдааны төвийг бариулж, Зайсанд болон зуслангийн газартаа хаус сүндэрлүүлж амжсаныг мэдээд гайхаж байжээ. Тиймээс өөрсдийнх нь халуун сэтгэл, тусламж ч эзэндээ хүрэхгүй юм байна гэдгийг ойлгон юм хэлээгүй буцсан аж.

Өчигдөр Улаанбаатарт Туркийн Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочид ирсэн. Тэд тус улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод арван эмнэлэг барих. Зургаан эмчтэй, 1800-2000 хүнд үйлчлэх хүчин чадалтай өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг Туркын тал монголын компаниар гүйцэтгүүлэх талаар хотын удирдлагуудтай уулзаж ярилцсан байгаа. Туркээс төлөөлөгчид ирсэн сургаар К.Сайраан мөн л тэднийг эргүүлдэж эхэлсэн бөгөөд ислам шашин, казахуудын нэрийг барьж хөрөнгө босгохыг санаархаж байгаа юм байна. Харин хөөрхий Туркууд К.Сайрааны арга залийг мэдэхгүй, төөрөлдөж л яваа байх даа.

Ц.ГАНХҮҮ



Сэтгэгдэл

PRESSNEWS

pressnews.mn мэдээллийн сайт