ТӨСЛИЙГ ТУШСАН ТӨМӨР ЧӨДӨР-4 буюу Москвагийн хориг

Шинэ зууны бүтээн байгуулалт хэмээн тодотгосон, хэвтээ тэнхлэгийн дагуу тавих 1800 км төмөр замын төсөл хөрш болон бусад улсын зөрчил дунд төөрч, төслийн найрал хөгжим солгой өнгөөр эгшиглэж буй тухай өмнөх нийтлэлдээ дурдсан. Засгийн газар төслөө урагшлуулах гэж зүтгэхээр нууцлагдсан хэлэлцээр тушиж, эл хэлэлцээрийн эзэд төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа ахиулах гэхээр Засгийн газар түвэг учруулах болжээ.

НУУЦ гэсэн тодотголтой хэлэлцээрээс манай төслийг сонирхох АНУ, Хятадын сонирхол нэг талд гарч, тэд Хонконгод мэндэлсэн “Монголын төмөр замын дэд бүтэц”, “Дандонг порт” групп, “Морик Кореа” зэрэг компанид найдлага тавьж, өмнийн говьд тавих 1800 км төмөр замыг “Дандонг” боомт руу чиглэхийг дэмжиж эхэлсэн аж. Эл гэрээ өмнөд хөршид ашигтай тул тус улсын Засгийн газар шинэ төмөр замын төслийн тухай дурдах нь цөөрөөд байгаа гэх. Харин ОХУ төслөөс холдсондоо дургүйцэж байгаа төдийгүй албан ёсны хэлэлцээрийг таван жил гацаасан монголчуудад хүйтэн хандаж эхэлжээ.

ТӨМӨР ЗАМД ТАВЬСАН ОРОСУУДЫН СҮЙ

Тавантолгойн орд газраас хувь хүртэх замаар Монголын хэвтээ тэнхлэгийн дагуу барих төмөр замын бүтээн байгуулалтад 50:50 хувийн эрхтэй оролцохоор оросууд 2008 оноос идэвхтэй ажиллаж, энэ үеэс “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин манай улсад байн байн ирж байсныг эхний нийтлэлдээ дурдсан. Тэрбээр 2008 оны нэгдүгээр сард Монголд ирэхдээ 300 вагон зээлдүүлсэн нь шинэ төмөр замын төсөлд оролцох эрхээ баталгаатай болгохын тулд монголчуудад өгсөн оросуудын хамгийн анхны сүй байсан гэдэг. Үүнээс нэг жил, есөн сарын дараа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 60 жилийн ойн баярт ирсэн В.Якунин Мандалаас Давааны өртөө хүртэлх 108 километр зам засварын ажлыг эхлүүлж, Төмөр замд 67 төрлийн нэгж тоног төхөөрөмж өгчээ. Түүнчлэн Мандалаас Давааны өртөө хүртэлх замын санхүүжилтийг шийдэж амжаагүй суусан Монголын талд 36 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгов. Мөн энэ үеэр манай Засгийн газар ОХУ-аас арван зүтгүүр авах санал тавьжээ.

Өмнийн говиос Алс Дорнодын чиглэлд барих төмөр замын төслийг барьж авахаар биечлэн хөөцөлдөж байсан Оросын Засгийн газрын төлөөлөгч энэ орос эр мөрөөдлийн төсөлд эзэн сууж чадна гэж найдахдаа Монголын талд 1000 вагоныг “Оросын төмөр зам” нийгэмлэгийн нөөц хөрөнгөөсөө гаргаж өгчээ. Төмөр замын компаниудын хувьд гол техник болсон эдгээр вагон “Улаанбаатар төмөр зам”-д очсонгүй. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, салбарын сайд Х.Баттулга нар хүдрээ зөөхөд нь хүндрэл учирсан “Болд төмөр Ерөө гол” компанид өндөр үнээр зарж, хоёр сая ам.доллар босгосон мэдээ бий. Оросууд манайханд ийнхүү найр тавьж, төмөр замд сээтэн хаяж байхтай зэрэгцэн БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулж, 1949 оноос мөрдөж эхэлсэн хоёр улсын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэлэлцээрийг шинэчлэх монголчуудын бодол үнэгүйдэж эхэлжээ. Сүүлийн 20 жил мөрөөдсөн тус нийгэмлэгийн Монголын талын эзэмших хувийг 51 болгох санал энэ цагаас хойш дурсагдахаа больсон юм.

МОНГОЛ ДАХЬ АШИГ СОНИРХЛОО ОХУ ХАМГААЛСАН НЬ

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын төмөр замын төсөлд хамтарна гэдэгт бат итгэсэн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин 2009 оны тавдугаар сард манайд айлчилсан. Түүнийг айлчлах үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байсан ч тэрбээр Орос, Монголын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанийг байгуулаад буцсан. Гэвч сонгуулийн дараа Монгол дахь Оросын ашиг сонирхолд том өөрчлөлт орж мэдэхээр болсныг ОХУ-ын Засгийн газар, хэвлэлүүд нь ч анзаарчээ.

Сонгуулиас хойш ердөө сарын дараа ОХУ-ын “Коммерсант” сонинд “Засгийн газрын тэргүүн В.Путин өнгөрөгч тавдугаар сард Монголд айлчилж, хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компаниар дамжуулан шинэ төмөр замын төсөлд хамтрахаар болсон. Гэвч энэ үеэс хойш Монголын нөхцөл байдал өөрчлөгдөв. Тавдугаар сарын сүүлчээр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд барууны талыг баримтлагч, АН-ын лидер Цахиагийн Элбэгдорж ялсан нь Оросын мөрөөдлийн төслүүдийн хувь заяанд нөлөөлж мэдэхээр болов” гэсэн утгатай нийтлэл хэвлэгдсэн байдаг. Үүний дараахан Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ой тохиож, наймдугаар сарын сүүлчээр Оросын Ерөнхийлөгч Д.Медведев Улаанбаатарт ирсэн юм.

Хойд хөршийн Төрийн тэргүүн дэлхийн II дайны эхний голомтыг устгасан Монгол, Оросын армийн ялал тын баярын хүлээн авалтад ирээг үй гэдгээ ойлгуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Манай улс БНМАУаас ЗХУ-д төлөх их өрийн гэх тодотголтой 11 тэрбум ам.долларын 98 хувийг тэглэсэн. Үлдсэн 188 сая орчим ам.долларын өрийг стратегийн түншлэлийн хүрээнд зохицуулах боломжтой” гэж хэлсэн нь сонины шарласан хуудсанд үлджээ. Оросын Төрийн тэргүүн энэ үгээрээ өөрсдийг нь төмөр замын төслөөс шахах бодлого явуулахгүй байхыг манайханд сануулсан ч үйл явдал эсрэгээр эргэсэн тул Москва энэ үеэс Монголын талаар өөр байр суурь баримтлах болсон аж.

Тухайлбал, 2009 онд тус улсын “Регнум” мэдээллийн агентлаг Монголын Ерөнхий сайдтай хийх ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлэлцээрт өгсөн ОХУ-ын Төрийн Думийн Үндсэн хуулийн хууль тогтоомж, Төрийн байгуулалтын хорооны орлогч дарга В.Илюхиний саналыг нийтэлжээ. В.Илюхин “Монгол Улсын Засгийн газар Орос, Хятад, барууны орнууд хоорондын эдийн засаг, геополитикийн зөрчилдөөнийг ашиглан тоглоомын дүрмийг дураараа өөрчилж, ОХУ-ын талаар эдийн засгийн нөхөрсөг биш бодлого явуулах болов. Тус улс өөрийн хууль, тогтоомжоо эргэж харахгүй бол Монголын талын зээл авах хүсэлт болон Оросын түүхий эдийг нийлүүлэх хэмжээг багасгах бололцоог авч үзэх ёстой. Тиймээс хэлэлцээрийн явцад Монгол Улс дахь Оросын ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг ярилцах нь зүйтэй” хэмээн зөвлөж, тэд манайханд байн байн дипломат сануулга өгөх болжээ.

МОСКВАГИЙН ХОРИГ

2011 оны хавар манайд шатахууны хямрал нүүрлэж, Оросын тал экспортоо хянаж эхэлсэн. Энэ онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байсан ч хойд хөрш айлчлалын товыг зарлаагүй юм. Ийнхүү хэсэгтээ тодорхой бус шалтгаанаар хойшилсон айлчлалын тов шатахууны хомсдолын үед гэнэт тодорсон нь санамсаргүй хэрэг биш байсан гэдэг. Энэ үеэр Оросын хэвлэлүүд “Монголын Ерөнхийлөгч шатахуун гуйхаар ирлээ” хэмээн бичиж байв. Таагүй мэдээлэлтэй зэрэгцэн айлчилсан манай Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны мэдэгдэл минут хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн гэдэг. Хоёр улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд шийдвэр гаргасан сэдэв байгаагүй бөгөөд ярьсан саналууд ердөө “Энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулна, судалж үзнэ” гэсэн хариулттай үлдсэн байдаг.

Айлчлалын үеэр Монголын тал хомсдож байгаа нефтийн бүтээгдэхүүний экспортын хэмжээнд анхаарахыг Оросын талаас хүсэхэд, тус улсын Ерөнхий сайд В.Путин “Роснефть” компанийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэх”-ийг Засгийн газрын орлогч дарга болон бусад албаны хүмүүстээ үүрэг болгоод өнгөрчээ. Ингэхдээ өөрсдийнх нь хувьд мөрөөдөл болчихоод байсан шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Оросын сонирхлыг хамгаалж үлдэхийг монголчуудад битүү утгаар сануулж “Нефть хангамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээ авах хэрэгтэйг хоёр тал бодолцох хэрэгтэй” гэж хэлсэн боловч манайхан огт анхаараагүй тул эл айлчлалаар ямар ч үр дүн гараагүй гэдэг. Ийнхүү шинэ төмөр замын төсөл өөр замаар талийсанд дургүйцсэн ОХУ-ын Ерөнхий сайд В.Медведев 2012 оны сүүлчээр Монголын эсрэг хориг арга хэмжээ авах ажлыг бага багаар эхлүүлсэн мэдээ байна.

Энэ оны нэгдүгээр сард болсон Давосын чуулга уулзалтад В.Медведев очсон бөгөөд манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уулзаж ярилцах санал тавьсан аж. Харин ОХУ-ын Ерөнхий сайд эл уулзалтаас татгалзсан. Тэрбээр тун удахгүй хэрэгжиж эхлэх хоригтоо найдсан байх гэж гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн аж ахуйн нэгжүүддээ хандаж “Монголын Засгийн газар хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийг хэрэгжүүлэхдээ удаашралтай хандаж, яригдсан олон амлалт, ажлаа биелүүлэхгүй байгаа тул тус улсын шинэ төслүүдэд оролцохгүй байх, тогтмол харилцаатай ажилладаг компаниуддаа бодолтой байх”-ыг сануулсан захидал илгээгээд байсан аж. Оросын компаниудын эхний “дарамт”-ыг Шинэчлэлийн Засгийн газар эхний 100 хоногт хоёр ч удаа амссан нь “Роснефть” компани шатахууны үнээ нэмсэн явдлаар илэрсэн гэхэд болохоор байна. Энэ үеэр шатахууны үнэд боомилогдсон Шинэчлэлийн Засгийн газар нефть импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, хэл амнаас салсан боловч хэдхэн хоногийн өмнө “Роснефть” манай улсад нийлүүлэх шатахууны экспортоо 25 хувиар бууруулах шийдвэр гаргаад байна.

Эл сургаар нефть импортлогчид зарим төрлийн шатахууны үнийг бага багаар нэмэв. Нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхэд нэг талхны үнэ дөрвөн мөнгө, нэг кг мах 16 төгрөгөөр өсдөг гэсэн тооцоо бий. Нефть даган савлах эдийн засгийн эцсийн ачааг толгойтой болгон үүрч, юмны үнэ дахин нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга болов. Харин шатахууны үнэ байн байн нэмэгддэгийн бурууг сайн муугаараа хэлүүлсэн ч ачааны хүндийг үүрсээр яваа нефть импортлогчдод тохоод өнгөрдөг байсан бол одоо шалтгааныг өөр зүгээс хайх цаг иржээ. Хойд хөршийн тэнгэрт үүл хуралдаж, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн судас нь бөглөрч буй цагаар Засгийн газар Дарханд байгуулах нефть боловсруулах үйлдвэрт ОХУ-аас түүхий эд авах тухай яриад ч нэмэргүй биз ээ.

ТӨСЛИЙН ТУШААГ ТАЙЛАХ ЦАГ ИРЖЭЭ

Шинэ төмөр замын төсөл том гүрнүүдийн харцанд ээрэгдэж, нууцлагдсан хэлэлцээрт тушигдаж, хөрөнгө оруулагчид төмөр замаа нэхсээр байгаа ч Засгийн газар цуутай төсөлдөө шинэ хамтрагч сонгох зарыг дэлхийд түгээж буй. Тодруулбал, 2012 оны есдүгээр сард сайд А.Гансүх Германы төмөр замын “Дойче Бан” компанийн ерөнхийлөгч Р.Грубэ болон ОХУ-ын “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунинтай дахин уулзаж, таван жил ярианаас хэтрээг үй шинэ төмөр замд хамтран ажиллах санал тавьсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны төгсгөлд Кыргызэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд “Монголын Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтын том төсөлд ШХАБын орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Таван тэрбум ам.долларын өртөгтэй 1800 км шинэ төмөр замын төсөлд оролцохыг сонирхогч гадаадын компаниуд тусгай зориулалтын компанид хувь эзэмших хэлбэрээр оролцох боломж нээлттэй” гэж мэдэгдэв. Сонирхолтой нь, ШХАБ-ын гишүүн орны хөрөнгө оруулагчид зарын дагуу хандсангүй. Харин Засгийн газар төслийг урагшлуулахын тулд “Чингис” бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар хуваарилаад байгаа. Эл мөнгөөр Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын даланг босгоно.

Хэвтээ тэнхлэгийн дагуу босох 1800 км төмөр замын ажлыг Шинэчлэлийн Засгийн газар энэ хэмжээнд хүргэсэн ч төслийн тухай мэдээлэл олон нийтэд хаалттай, ойлгомжгүй хэвээр. Шинэ төмөр замын мэдээлэл өдрөөс өдөрт нууцлагдаж, иргэд байтугай УИХ ч ойлгоход бэрх болсон аж. Ийм үед салбарын сайд А.Гансүх, УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” гэж заасны дагуу өргөн царигаар тавина гэж хэдийнэ шийдчихсэн гэх тайлбарыг байн байн хэлж, өргөн, нарийн царигийн маргааныг дэврээж буй.

Сайд УИХ-аас баталсан дээрх бодлогын баримт бичгийн “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” гэх заалтыг зүгээр ч нэг мартаагүй болов уу. Таван жил үргэлжилсэн төмөр замын царигийн маргааныг үе үе дэвэргэх замаар “Дандонг боомтыг босгохын төлөө монголчууд 50 жил татаас төлөх утгаар байгуулсан “НУУЦ” тодотголтой гэрээг бүдгэрүүлж байсан гэж үзэх үндэслэл бий. Тиймээс УИХ-ын гишүүд сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тушиж буй Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын үзэглэсэн “НУУЦ” тодотголтой болон бусад хууль бус хэлэлцээртэй танилцаж, үнэн худлын хоорондох зайг ойртуулж, төслийн чөдрийг тайлах цаг нэгэнт болжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2013-03-19



Сэтгэгдэл

Дамдины ОТГОНЖАРГАЛ

1999 оноос хэвлэл мэдээллийн салбарт сурвалжлагчаар ажилласан. 2013 онд “Төслийг тушсан төмөр чөдөр” цуврал нийтлэл нь сэтгүүл зүйн бүтээлд олгодог Балдорж шагналын шилдэг аравт багтсан.