Дархан-Уул: Нэг хүн шархаа даалгүй нас барж, 2 хүн олдохгүй байна

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж аймгийн онцгой байдлын газар ажиллаж байна. Хойд бүсийн онцгой байдлын алба хаагч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Дуудлага өглөө 09.21 цагт ирсэн. Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн нөхцөл байдалтай байна. Энэ шаталт хийж буй сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусна. Галыг унтраахад нэг аймгийн хүчин чадал дийлэхгүй учраас өглөө аймгийн онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч Сэлэнгэ, Эрдэнэт, Улаанбаатар хотоос нэмэлт машин татаж авчирч байна. Сэлэнгийн Зүүнхараагаас 60 тонны нөөцийн вагон орж ирж усаар цэнэглэж байна. Шаталт үүссэн шатахууны саваас зэргэлдээ зургаан сав байгаа. Зургаан сав тус бүр нь 400 литрийн багтаамжтай. Эдгээр савуудад галыг халдаахгүй байх арга хэмжээ авч байна. Халалт үүсгэхээс сэргийлж хөргөлт хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэд сандрах хэрэггүй. Айлын суурьшлын бүсэд нөлөөлөхгүй. Салхины чиг бидний талд байна. Дарханы бүх усан хангамжийн байгууллагыг татан оролцуулж байна. Ус тээвэрлэх машин явж буй учраас зарим замыг хязгаарлах шийдвэр гаргалаа.