НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2023 оны төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

Сэлбэ гол төсөл нь 2018 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам.доллароор голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс мөнгө зарцуулаагүй. 

Нийслэлийн Засаг даргын зүгээс голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд төслийн нэгж байгуулах бүтцийг Сангийн яам батлаад сонгон шалгаруулалт зарлахад иргэн Б.Цэцэг шалгарч, түүнийг НЗДТГ-аас Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байсан. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа учир энэхүү тайлбарыг өгч байна" гэв.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ, Хотын дарга дангаараа шийдэх боломжгүй.

Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх энэхүү том төсөл нь ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага гарна гэдгийг тэрбээр хэлэв.