Д.Хаянхярваагийн ХОЁР НҮҮР

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр цэвэр, шударга үлдэх гэсэн мессеж "бай"-ндаа хүрсэнгүй. Түүний мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдлийг нь "хурааж" авлаа.

Эрх баригч намын "бүдүүн" бүлгийг базаж чадаагүй Д.Хаянхярваад улс төрийн хариуцлага тооцож, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх албан тушаалаас нь чөлөөлөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, тус намын Удирдах зөвлөл өчигдөр /2018.11.12/ хуралдаж, бүлгийн даргадаа хариуцлага тооцох улс төрийн шийдвэрт хүрсэн юм.

Харин нөгөө талд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүлгийн дарга гэх бусдаасаа төө илүү эрх мэдлээсээ зүгээр ч нэг буухыг хүсээгүй нь лавтай. Ямар сайндаа л намынхаа Удирдах зөвлөлийг хуралдахаас өмнө яаран, сандран улс төрийн мэдэгдэл хийж, хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн билээ. 

Гэхдээ улстөрчийнхөө хувьд туршлагатай, бас ч үгүй парламентад хэдэнтээ сонгогдсон хүний хувьд мань эр мэдэгдлээрээ олон нийтийн анхаарлыг яаж татахаа мартсангүй. Учир нь, Д.Хаянхярваа дарга нийгмийн халуун сэдэв болсон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудалд тулгуурлаж, мэдэгдлээ хийв.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон хэл ам намжихгүй байна. Өнөөдөр энэ асуудалд УИХ болон Засгийн газар, намын төвшинд бодитой ямар нэгэн алхам хийхгүй, шийдвэрт хүрч чадахгүй байна. Зөвхөн Б.Батзориг сайдыг огцруулснаар энэ асуудлыг намжаах гэсэн хүлээлт манай удирдлагуудад байна. Ийм зүйл байж болохгүй гэж би хувьдаа үзэж байна" гэв.

Харин цаад утга нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдэл, албан тушаалаасаа буухгүй, буусан байлаа ч "Би гэмгүй, шударга хүн" гэх мессежийг олон нийтэд үлдээхийг хүссэн гэдгийг төвөггүй уншиж болохоор байна. Учир нь, мань эр УИХ дахь МАН-ын бүлгийн даргын суудлаасаа "унах"-аа мэдсэн, мэдсэн болохоороо "арьсаа хамгаалж" мэдэгдэл хийснийг намынх нь Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр харуулж байна. Ёстой л нөгөө "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгчээр өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "бай"-гаа болгохоо ч мартсангүй.

Тэрбээр "Ерөнхий сайд чуулганы танхимд “Би болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авна. УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулна. Эцэст нь өөрөө огцорно” гэж хэлсэн. Ийм шат дарааллаар явахгүй ээ. УИХ-ыг тараах эрх Засгийн газарт байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтай хүн хэлж байгаа үг, үйлдэл бүрээ байнга бодож, санаж ярьж байх ёстой. Ерөнхий сайд өнөөдөр нийгэмд үүсээд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудлыг дарахын тулд энэ мэт улс төрийн хийрхэл, цаашлаад нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого гэж хувьдаа харж байна" гэсэн юм.

Түүнчлэн "Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэх үгийг УИХ-ын индрээс хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ. Тагнуул, цагдаа, АТГ-ын даргыг томилох эрх мэдэл нь Ерөнхий сайдад байна. Өөр ямар эрх мэдэл нэхээд байгааг гайхаж байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна" зэрэг Ерөнхий сайдыг чиглэсэн, "бай"-гаа болгосныг дээрх үг, өгүүлбэрээс харж болно.

Хамгийн сонирхолтой нь, мань эр дээрх үгийг хэлэхдээ "Би У.Хүрэлсүхийг намын даргынх нь хувьд биш Ерөнхий сайдынх нь хувьд шүүмжилж байна. Түүнээс би намын даргатайгаа зөрчилдөөгүй" хэмээн ярьсныг нь түүнийг хаяагаа манаж, "хоёр нүүр" гаргалаа гэж үзэх ч хэсэг байна. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн нэр цэвэр, шударга үлдэх гэсэн мессеж "бай"-ндаа хүрсэнгүй бололтой. Учир нь, түүний мэдэгдлийн дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэх эрх мэдлийг нь "хурааж" авлаа. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN