Д.Дорлигжавт нааж буй “хэрэг”-ийн дотоод үнэн

Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг АТГ-аас энэ сарын 7-8-нд шилжих шөнө баривчилсан юм. Улмаар хоёр хоногийн дараа шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан.

Түүнийг хорьсон нь “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдын хоёр удаа телевизээр “Дорлигжавт авлига өгсөн” гэж ярьсантай холбоотой аж.

Гэхдээ Д.Дорлигжав хоригдохоосоо хоёр долоо хоногийн өмнө телевизээр ярилцлага өгч тэр талаар тайлбар өгсөн байдаг. Тэрээр “Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг юм. “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа. Шүүх дээр яллагдсан Паушок Эрдэнэт үйлдвэрийн орлогч байсан Бямбаа гэдэг нөхрийг менежментийг гэрээгээр захирлаар томилсон. Тэгэхдээ “Алтан Дорнод Монгол” компанийг ашигтай ажиллуулаад “Засгийн газрын өрийг төлөөд надад тодорхой хэмжээний төлбөр төл” гэсэн байгаа юм.
Бямбаа менементийн гэрээгээр “Алтан Дорнод Монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал “Алтан Дорнод Монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх. Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Баатар Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокын компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Тордойн Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурав суугаад “Пуашокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны 9-р сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.
Манай дүү сарын дараа дансаа шалгатал Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “11-р сарын 08-ны өдөр Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэсэн.

Ингэж ярьсан нь сүүлд гарч ирсэн банкны гүйлгээний баримтуудтай таараад байгаа юм. Тэр дөрвөн сая ам.доллар буцаад банкных нь дансаар шилжсэн баримтууд байгааг хэвлэлүүд нийтэлсэн байдаг.

Нөгөө талаас, Д.Дорлигжавын ярьсан хийгээд тэдгээр мөнгөний асуудлыг ухвал тов тодорхой гурван асуудал гарч ирж байна.

Нэг. Т.Ганболд “Дорлигжавт дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн” гэж хоёр ч удаа телевизээр хэлсэн. Т.Ганболд бол яалт ч байхгүй Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг. Тэр хүн нийгмийн хариуцлага, мөнгөний үнэ цэнийг маш сайн мэднэ. Тэгэхээр Т.Ганболдын хэлснийг хууль хяналтынхан мэдээж хэрэг шалгаж нягтлах учиртай. Гэвч Д.Дорлигжав “Би Ганболдоос аваагүй” гээд  “Би Ганболд гэдэг хүнтэй уулзах нь битгий хэл гар барьж үзээгүй” гэж хэлсэн байдаг. Тийм учраас тэдний дунд өөр хүмүүс “тоглосон” байх магадлал асар өндөр гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Сүүлийн үед төрийн өндөр алба хашиж байсан нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьдаг хэрэг нэлээд гардаг болсны нэг нь энэ байхыг үгүйсгэхгүй гэсэн үг.

Хоёр. Дээр дурдсанаар Д.Дорлигжавт наагаад байгаа дөрвөн сая ам.доллар банкнаас гараад банкиндаа л буцаж орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Алтар Дорнод Монгол” компанийг худалдсан, худалдан авсан С.Паушок, банк, Т.Ганболд гурвын наймааны асуудал болох нь харагдаж байгаа. Харин тэр наймаан дундуур нь Д.Дорлигжавын дүү Д.Баатар “ороод гарсан” процесс л ил байна гэсэн үг.

Гурав. Д.Дорлигжав “Төрийн өндөр алба хашиж байсан хүнийг ийм зоригтойгоор гүтгэнэ гэдэг ард талд нь тодорхой зорилгоор өөгшүүлэгч нар байна” гэж хэлсэн. Д.Дорлигжав бол Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Шадар сайд, БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр ажиллаж байв. Мөн АН-ын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны зохицуулагч, МоАН-ын дэд дарга байсан.

Тэр утгаараа Д.Дорлигжав бол дайсантай хүн. Ер нь төрийн өндөр дээд албан тушаал, хууль хяналтын байгууллагыг толгойлж байсан хүмүүс дайсан ихтэй байдаг. Одоогийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудад ч дайсан бий.

Тиймээс тэрхүү улс төрийн болоод бусад асуудлаар дайсагнасан хүмүүс нь тухайн албан тушаалаас буусных нь дараа ингэж ямар нэг хэрэгт холбогдуулах гэдэг тохиолдол нэг бус хүн дээр гарч байсныг бодох л хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин