Дахин сонгуулийг АН луйвардахыг завдаж байгааг баримттайгаар дэлгэв

Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд ИТХ-ын дахин сонгууль энэ сарын 23-ны өдөр болно. Энэхүү сонгуулийн үеэр АН-аас дахин сонгуулийг будлиантуулах ажил хийж байгаа талаар Баянзүрх дүүргийн МАН, Монголын Ногоон нам, дүүргийн ИХТ болон Монголын Залуучуудын холбооны төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараасан нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн 10,19-р тойрогт дахин сонгууль явуулахаар гурван шатны шүүх шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах тухай тогтоолыг 2018 оны хоёрдугаар сард гаргасан. Тогтоолоор сонгуулийг  энэ сарын 23-ны өдөр явуулахаар болсон юм.

Гэтэл удахгүй болох Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд АН өөрсдөө албан ёсоор оролцохгүйгээ мэдэгдсэн ч хоёр бие даагчийг нэр дэвшүүлэн оролцуулж байна. Ингэхдээ өмнөх сонгуулийг будлиантуулсантай ижил аргаар буюу мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авахаар улайрч байгааг  БЗД-ийн МАН-ын дэд дарга Б.Галцог олон нийтэд мэдэгдлээ.

Ингэхдээ аргаа улам нарийсган Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд амьдардаг иргэдтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах нэрийн дор 60 мянган төгрөг тарааж эхэлжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр иргэдийн саналыг худалдаж авах замаар сонгуульд ялахаар улайрч байгаа энэхүү хууль бус үйлдлийг баримттайгаар олон нийтэд дэлгэсэн юм.

 

Б.Галцог: Иргэдийн хувийн мэдээллийг цуглуулаад, мөнгө шилжүүлсэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна

Энэ үеэр БЗД-ийн МАН-ын дэд дарга Б.Галцогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?

-АН-ынхан 2016 онд Сонгуулийн тухай хууль зөрчиж ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч эргээд 2 нэр дэвшигчийн нэр нь татагдсан. Энэ удаагийн сонгуульд мөн адил аргаа улам нарийсган дахин хууль бус үйлдэл хийж байна. Бид бүхнээ таслан зогсоогооч ээ гэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэрвээ энэ мэтчилэн хууль бусаар эрх мэдлийг авчихаад, ядаж үйл ажиллагаагаа сайжруулдаг байсан бол бас яах вэ. Гэтэл харамсалтай нь 2012 оноос хойш Баянзүрх дүүргийг АН засаглаж байгаа ч дүүргийн бүх хороонд яваад очиход хогондоо дарагдчихсан, ард иргэдийнх нь бухимдал дээд цэгтээ хүрсэн байна.

-АН-аас явуулж байгаа хууль бус үйлдлийнх нь талаар тодруулаач. Яг АН ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг яаж нотлож байгаа вэ?

-АН-ынхны хууль бус үйлдэл улам нарийсаад иргэдийн дансны дугаарыг авч, шөнийн цагаар ATM-ээр мөнгө шилжүүлж байгаа нь баримт нотолгоотойгоо бидэнд байгаа. Үүнийгээ хууль хяналтын байгууллагуудад өгөөд шалгуулж байна.

Тодруулбал, 2019 оны 03 дугаар сарын 05-наас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд иргэдийн овог нэр, регистер, данс болон утасны дугаарыг аваад байгаа тухай иргэдээс бидэнд олон санал ирсэн. Гэхдээ хэн ийм мэдээлэл цуглуулаад байгааг бид хараахан мэдэхгүй байсан.

Гэтэл энэ сарын 16-17-нд шилжих шөнө манай дүүргийн төлөөлөгч залгаад “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны урд байрлах ХААН банкны Экспресс банк буюу ATM-ээс иргэд рүү мөнгө шилжүүлэх гэж байна” гэж хэлсэн. Би энэ дагуу мэдээллийг нь нягтлахаар очиход дүүргийн III хорооны Засаг дарга Сүхцэцэг, хэсгийн ахлагч Зулаа гэх хоёр эмэгтэй хүмүүс рүү мөнгө шилжүүлээд зогсож байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад эдгээр хүмүүсийг шалгуулахаар дуудлага өгсөн боловч, харамсалтай нь хоцорч ирсэн.

Харин цагдаагийнхнаас түрүүлээд Баянзүрх дүүргийн ИХ-ын ажлын албаны зарим хүмүүс, хороодын иргэний танхимын ажилчид, дүүргийн иргэдийн хурлын дарга Ганчимэгийн жолооч гэх зэрэг 10 гаруй хүмүүс ирээд намайг бүчиж, хориглож байгаад нөгөө 2 эмэгтэйгээ зугтаалгасан. Сүхцэцэг зугтаахдаа хүмүүсийн овог нэр, регистер, данс, утасны дугаарын жагсаалт бүхий цаасыг унагасан.

Энд бичсэн дугаарууд руугаа оройн цагаар урьдчилгаа мөнгө шилжүүлэн, гэрээ байгуулж байсан юм билээ.

-Та иргэдтэй гэрээ байгуулсан гэж ярилаа. Энэ талаараа тодруулна уу?

-Иргэдтэй регистрийн дугаараар нь “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй 60 мянган төгрөгийн гэрээг байгуулаад эндээ 50 хувийг нь урьдчилан өгч, үлдсэнийг нь сонгуулийн дараа өгөхөөр тусгасан байгаа юм. Мөн энэхүү гэрээнийхээ 5.4 дүгээр хэсэгт нь “Уг гэрээний харилцаа нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт заасан үйлдэл, үйл ажиллагаа хамаарахгүй болно” гэж тусгасан байсан.

Гэтэл  Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт “Эд материал, мөнгө гэх мэтчилэн зүйлс тарааж, төрийн эрх мэдлийг худалдаж авахыг хориглоно...” гэсэн байдаг. Харин энэ гэрээнд үүнийг хамаарахгүй гээд тусгасан байгаа юм.