А.Цэрэнсодном: Хэн ч нэр дэвшсэн, түүнийг дэвсэлж, магадгүй бичлэг цацаж, зохиомол хэрэг үүсгээд өнөөх шударга бусын хонгилоороо чирэх л байж

Прокурор А.Цэрэнсодномыг Улсын прокурорын орлогчоор ажиллуулахаар санал болгосон билээ. Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр гарахтай зэрэгцэн түүний дуу хоолой бүхий нэгэн бичлэгийг зарим сайт цацаж, олон нийтийн сүлжээгээр баахан шуугив. Энэ талаар А.Цэрэнсодном прокурортой ярилцлаа.

-Ерөнхийлөгч таныг Улсын прокурорын орлогч болгохоор санал оруулсан. Өмнө нь нэг их өндөр албан тушаал хашиж байгаагүй таныг нэр дэвшүүлсэн нь анхаарал татсан л даа. Ингэхэд та өмнө нь хаана, ямар алба хашиж байв?

-Ажилласан түүх маань Сонгинохайрхан дүүргийн прокурор, Төв, Хэнтий аймгийн, Улсын, Тээврийн, Нийслэлийн, Сүхбаатар дүүргийн прокурорын газар гээд анхан шатнаас дээд шатны байгууллагуудад нарийн бичгээс нь эхлүүлээд хяналтын прокурор, ахлах прокурор, хэлтсийн даргаар ажиллаж ирлээ. Төгссөн сургууль гэвэл одоогийн Хууль сахиулах их сургуулийг төгссөн.

Дараа нь Хууль зүйн мастерыг Их засаг их сургуульд хамгаалаад энийгээ бататгахын тулд Английн Оксфорд трэнд гээд Америкт төвтэй, Лондонд салбартай сургуульд суралцан 2013 онд төгссөн. Товчхондоо ийм л түүх намтартай.

-Улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлэх тухай танд анх хэн хэлсэн юм?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудсан. Очсон. Очиход миний тухайн үеийн төрийн албан хаагчийн анкеттай танилцаад надаас зарим зүйлийн талаар асууж тодруулсан. Миний анкет дээр дурдагдсан бүгд үнэн үү, ийм газар ажиллаж байсан уу, одоо байгаа хууль тогтоомжийн хэрэглээ нь ямар байгаа. Хэрэгжилт нь хэр байгаа гэдэг талаас нь асуулт асууж, ярилцсан. Тэр хүрээнд өөрийнхөө тайлбарыг хэллээ.

Ингээд хэд хоногийн дараа намайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дуудлаа. Яваад очсон чинь “Өөрийн чинь нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид дэвшүүлэхээр боллоо. Шат шатандаа хэлэлцэгдэх байх” гэсэн. Арав гаруй жил эрүүгийн хууль тогтоомжийн чиглэлээр, Захиргааны болон олон улсын эрх зүйн чиглэлээр ажилласан нь бодлогын түвшинд ажиллахад шаардлагыг сайн хангаж байна гэв.

-Сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагыг цагдаагийн хүмүүс удирдаж ирсэн санагдах юм.

-2011 оноос эхтэй юм. Эхлээд улс төрийн хамаарал, харьяалалтай хүн удирдсан. Дараа нь 2015 оноос хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс манай байгууллагын удирдлагаар томилогдсон.

-Таныг Улсын прокурорын орлогчоор нэр дэвшүүлж байна гэсэн мэдээллийн маргааш нь л нэг бичлэг цацагдсан. Та таван зуун саяыг нэг хүнээс нэхээд, загнаад байгаа тэр бичлэг ямар учиртай юм бэ?

-Ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлэх санал оруулсан гэдгийг дуулсны маргааш буюу гуравдугаар сарын 26-ны өдөр зарим хэвлэлээр гарч ирсэн л дээ. Зарим сайт, болон пэйжээр гарсан. Энэ бол гүтгэлэг. Ийм бичлэгийг хэн ч хийчихдэг болсон цаг. Хэрвээ ийм зүйл байсан бол намайг нэр дэвшүүлэх гэж дуудсан Ерөнхийлөгчийн Тамгын газарт шууд л мэдэгдэнэ шүү дээ.

Энэ зэргийн албан тушаал томилогдох нэр дэвшигчийг битгий хэл ердийн төрийн албан хаагчийг хүртэл судалж байж томилдог болсон үед амьдарч байна. Лавлагаа тодорхойлолтыг АТГ, Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас авдаг хуультай. Тэр хариуцсан газрууд нь зөрчилгүй л гэсэн бичгээ өгсөн юм билээ.

-Гэхдээ тийм барим тавим бичлэг байхад яагаад тэр байгууллагууд тийм хариу өгдөг байна аа. Аль нэг байгууллагад нь энэ бичлэг очсон л байлгүй дээ....

-Тийм бичлэг бол мэдээж хэн нэгэн эвлүүлсэн байж таарна. Хийхдээ хууль бусаар хүн гүтгэх зорилгоор. Тэр бичлэгийг манай прокурорын байгууллагаас гарсан гэж хүмүүс хэлээд байгаа.Би ч гэсэн тэгж хардаж байна. Прокурорын байгууллага чинь мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлийг өгдөг. Тэр утгаараа прокурорын байгууллага дотроосоо хийсэн эвлүүлэг байх.

-Бичлэгт яригдаж байгаа зүйл хэр үнэн юм бэ?

-Захын хүн сонсоод монтажилж засварласныг нь мэдэх байх. Энэ бичлэг тавигдсаны дараа хувийн талаас ч судалж, холбогдох мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авч, асууж үзлээ. Ялангуяа тоонуудыг хүч оруулах гэж хийсэн юм шиг байгаа юм.

-Ингэхэд таны дуу хоолой мөн биз дээ?

-Тэр ярьж байгаа нь миний дууг сайн хуулсан байна лээ. Яг л мөн юм шиг. Би өөрөө хүртэл андуурмаар. Гэхдээ яг тэр тооны асуудал дээр миний хоолойг алдсан байсан. Тэрүүгээр нь эвлүүлэг гэдгийг нь мэргэжлийн хүмүүс, компьютерт оруулж хэлж өгсөн. Тэгээд үзэхээр ялгаа нь мэдэгдэнэ. Тэр тоо чинь хүн сонсоход гол юм болно шүү дээ. Яасан их мөнгө вэ, 500 сая асар их мөнгө гээд л, цаашлаад хуулийнхан ингэж хүнээс мөнгө нэхэж, дарамталдаг юм байна гэж ойлгуулах гэсэн зорилго бас байх шиг. Мөн 461 гэдэг тоо дээрээ ч нотлогдсон эвлүүлэг гэдэг нь.

-Ямар нэг бичлэг гарахаар л эвлүүлэг гэж нэр холбогдсон хүн бүр л хэлэх болж. Одоо бол хүмүүс эвлүүлэг гэдэгт итгэх үү?

-Миний хувьд бодит байдал тийм байна гэдгээ л хэлэхгүй бол зохиож хэлэлтэй нь биш.

-Та болсон явдлыг яг үнэнээр нь хэлж өгч болох уу. Яагаад тэр хүнтэй маргах болсон юм бэ, үнэхээр мөнгө төгрөг хүнээс нэхэж дарамталсан уу?

-Би Гүрсэдийн Наранхүү гэдэг хүнийг 2010 оноос таних болсон. Таних болсон шалтгаанаа ч хэлье. Надтай тэр хүнийг манай найз Ч.Отгонжаргал гэдэг залуу танилцуулж байсан юм. Тухайн үед танилцаад их ойрхон найз нөхөд болцгоолоо.

Ч.Отгонжаргал нэг удаа “Наранхүү ах мөнгөний яаралтай хэрэг гарлаа гэсэн. Тэр ахад минь туслах арга байна уу” гэсэн. Надад мөнгө төгрөг ийм тийм юм байсангүй. Манай аавд үе дамжиж ирсэн хөөрөг, охин дүүд маань ланд круйзер 200 маркийн машин байсан. Тэр машин, хөөрөг дээр нь ах дүү нараасаа жаал жуул мөнгийг нь өсгөж өгнө гээд аваад, нэг үгээр байгаа бүхнийг нь л аваад нөгөө Наранхүүд өгсөн. Гэтэл гэнэт мөнгө машин, хөөрөг аваад хэсэг хугацааны дараа таг чиг алга болчихлоо. 

Асууж сураглаад байсан чинь ноцтой хэрэгт холбогдсон гэж Ч.Отгонжаргал надад хэлсэн юм.

-Тэр нь ямар хэрэг вэ?

-Тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллараар биеийг нь үнэлсэн гэдэг хэрэгт холбогдсон байсан юм билээ. Би энэ талаар найз Ч.Отгонжаргалаас асууж мэдсэн. Санаж байгаа бол тухайн үед УИХ-ын гишүүн адил нэртэй хүнтэй андуурагдаж баахан шуугьсан даа. Ингээд нөгөө хүн маань ийм асуудалд ормогцоо оргоод Сингапур гараад явчихсан юм билээ. Энэ хооронд би асууж сураад л байлаа.

Тэгээд би ч Англид сургуульд сурах гээд явлаа. 2014 онд төгсөж ирээд Эрдэнэтэд ажилласан. Дараа нь Улаанбаатарт ирж ажилласан. 2017 оны хавьцаа нөгөө Г.Наранхүүгийн сургийг гаргалаа. Ингээд Ч.Отгонжаргалаар дамжуулж уулзах гэж оролдоод бүтсэнгүй. Аргаа барахдаа Ч.Отгонжаргалд хэллээ. “Ер нь өргөдөл гаргаж, цагдаад шалгуулъя.

Тэгэхгүй бол энэ арай л хэрээс хэтэрсэн юм боллоо” гэж. Тэгтэл тэрийг Ч.Отгонжаргал, мөн түүний найз Бат-Амгалан нар цааш дамжуулж хэлсэн бололтой. Г.Наранхүү нэг өдөр над руу уулзахаар хүрээд ирсэн. “Цагдаа хуулийн байгууллагад битгий өгөөч” гээд л гуйж байна.

-Монголд ирчихсэн байжээ дээ?

-Тийм ингээд уулзсан. Удчихсан асуудал дээр хүн тайван хандахгүй. Би ч нэлээд ширүүн дориун ч ярилаа. “Чи залилан хийсэн, чамайг цагдаад өгнө. Шалгуулна” гэлээ. “Би чиний мөнгийг өгнө. Би нэг бизнес хийж байгаа. Тэрнийхээ ашиг орлогыг орохоор чамд өгье" гэж Г.Наранхүү аргадаж, гуйгаад явлаа. Бас л байдаггүй. Алдсан хүн арван тамтай. Авсан хүн нэг тамтай л гэдэг болсондоо.

Ингэж байгаад нэг өдөр утсаар ярьсан юм. “Би чиний мөнгийг өгч чадахгүй нь ээ. Тэгэхдээ дөрвөн сард нэг мөнгө орж ирвэл өгнө" л гэнэ. “Чи энэ олон жил алга болчихоод...” гээд л би мэдээж уурлаж бухимдана шүү дээ. Тэр яриаг л утсан дээрээ бичиж дээ гэж бодсон.

-Та энэ талаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Энэ бичлэг гарсны дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Машин тэрэг А.Ариунаа гээд миний дүүгийн нэр дээрх машин байсан. Г.Наранхүүд шилжүүлсэн холбогдох материал лавлагаа тодорхойлолтыг аваад өгсөн. Миний мөнгийг буцааж өгөхгүй хэр нь, тэр хооронд арав гаруй сая доллартай болсон байгаа юм. Тэгсэн мөртлөө миний мөнгийг өгөөгүй. Ах нь тийм хэрэгт холбогдоод чиний мөнгийг өгч чадаагүй.

Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан айхавтар хэргээ нуун дарагдуулахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан гэж хэлсэн. Цагдаагийн хурандаа нарт өгсөн гэдэг. Бусад мөнгөө бас нэг хүнд залилуулчихсан байгаа. Тэр мөнгөө аваад чиний мөнгийг өгчихнө гэдэг. Иймэрхүү л яриа болсон. Тэгээд л салсан.

Дараа нь өгөхгүй удаад утсаар маргаж байгаа асуудал одоо цацагдаад байгаа өнөөх бичлэг дээрх ярианы суурь болжээ. Дээр нь хэдхэн засвар хийгээд л хүнийг дарамтлагч болгочихож байгаа юм. Зарим хүний хэлээд байдаг айхавтар хараалын үгсийг би огт хэрэглэдэггүй хүн. Ямар нэгэн байдлаар ашиглана гэж бэлтгэсэн юм шиг байгаа юм. Дараа нь шүүх цагдаад ашиглана гээд. Даанч одоо хуурамч бичлэгийн ялгааг таньдаг болсныг мэдээгүй байх.

-Та тэр нийтэд цацагдсан бичлэгийг прокурорын байгууллагын хүмүүс зориуд хийсэн байж магадгүй гэж үзээд байгаа юм аа даа... Таныг албан тушаалд очуулахгүй байх ямар сонирхол тэдэнд байгаа юм?

-Г.Наранхүү гэдэг хүн дээр дурдсан өнөөх ноцтой хэргээ хаацайлуулах гэж авлигад олон сая доллар өгсөн талаараа надад хэлчихсэн учраас тэр асуудал сөхөгдөхөөс эмээж, болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй. Би тэр асуудлыг нь сонсчихсон байдаг. Г.Наранхүү ч өөрөө олон цагдаагийн хурандаа таньдгаараа гайхуулж явдаг хүн. Тэр хүний гайхуулахыг харах дургүй цаад эзэд байгаа шүү дээ.

Тэр хүмүүс л хонгил, хана, эрүүдэн шүүлтийн сүлжээний эзэд болсон гэж яригддаг. Үүний тод жишээ бол Г.Наранхүүгийн гэмт хэрэг. Олон охидоор оролдсон гэгддэг хэрэг замхарсан. Цаг хугацаа нь 2010 оноос эхтэй. Тэр хэрэг дээр ямар ч шийтгэл хүлээгээгүй. Тэр охидыг Г. Наранхүүд зуучилж аваачиж өгсөн хүн нь зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн.

Гэтэл гол хэрэг үйлдсэн хүн нь ямар ч ял шийтгэлгүй үлдчихсэн байгаа юм. Үүнийг Г.Наранхүү надад хэлсэн, мэдэж байгаа гэж үзээд л тэр ашиг сонирхол хэн дээр тулж очиж байна.

-Тэр үед цагдаад ажиллаж байсан хүмүүс тэгэхээр прокурорт оччихсон юм байна?

 -Тийм ээ, тэр үеийн цагдаагийн байгууллагад байсан хүмүүс одоо манай прокурорын байгууллага төдийгүй АТГ болоод бусад хууль хяналтын газарт сүлжээ үүсгэсэн гэж харагдаад байгаа. Иймд надаас болгоомжлох, нэр дэвшихэд дургүйлхэх хүмүүс байгаа.

-Монголоор дүүрэн бичлэг цацдаг нэг тийм жишиг тогтлоо шүү. Ерөнхийлөгч танаас өөр хүн нэр дэвшүүлсэн бол яах байсан бол....

-Хэн ч дэвшсэн, тэр хүнийг сошиалаар дэвсэж, аль болох дэвшүүлэхгүй байх сонирхол байна. Зөвхөн миний мэдээд байгаа асуудал төдий биш, өөр асар том ашиг сонирхол цаана нь байгаа юм. Би прокурорын байгууллагын одоогийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн баг фракцын хүн биш, тэр хүний ашиг сонирхлыг хамгаалж чадах хүн л гарч ирэхгүй бол зүгээр нэг энгийн жирийн хуульч ч юм уу гараад ирлээ гэхэд ялгаагүй л дэвсэж, магадгүй бичлэг, зохиомол хэрэг үүсгээд, гадуур яригдаад байгаа шударга бусын хонгилоор чирэх байж. Ямар ч арга хэрэглэхийг хэлж мэдэх арга алга.

-Хэрэв тэр Г.Наранхүү гэдэг хүн нэр бүхий хүмүүст тийм олон сая доллар өгч, хэргээ замхруулсан юм бол хуулийн зарим хүн өөр олон хэрэг дээр ингэж зохицуулж ирсэн байж таарах нь ээ. Өөрөөр хэлбэл зарим хүнийг хэргээс мулталж, заримыг нь хэрэгт оруулж байсан гэсэн үг үү?

-Би бас тэгж л хардаж байна. “Гурван сая долларыг өгсөн” гэж ноцтой хэрэгт орсон Г.Наранхүү яриад байна гэдэг чинь өөр олон л юм байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгө өгч авалцдаг гэж жирийн, ажлаа хийгээд яваа хүний толгойд буухгүй шүү дээ. Олон том хэргийг ийм замаар замхруулан шийдсэн байдаг болов уу гэж хардаж байна.

-Та шударга ёсны хонгил гэж ярилаа. Тийм хонгил бий юу. Анх бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л тийм хонгилын талаар ярьж эхэлсэн байдаг. Та үнэн гэж бодож байна уу?

-Улс төр, бизнесийнхнийг бол нарийн сайн мэдэх юм алга. Зохион байгуулалттай хуулийн бүлэг бий гэж нэр нөлөө бүхий хүмүүс, хууль судлаачид ч хэлж байгаа. Тухайлбал Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, хууль судлаач Эрхэмбаатар, уул уурхайн бизнес эрхэлдэг Т.Ганболд нар энэ талаар хэлж байсан. Ийм хонгил байна.

Бүх салбарын хүмүүс нэгдэж нийлж, зохион байгуулалтын хэлбэрт орж, өөрсдийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж, нарийн зохион, байгуулалттайгаар шат шатандаа үүргээ биелүүлээд суудаг хонгил байна гэж үзэж байгаа. Би өөрөө биеэрээ мэдэрчихлээ. Магадгүй би шударга бусын хонгилоор чирэгдсэн сүүлчийн хүн болох дөхлөө. Хууль өөрчлөгдөж байдал өөрчлөгдлөө.

-Та тэгэхээр шударга бусын хонгилоор өөрийгөө чирүүлчихлээ гэж үзээд байна аа даа?

-Тиймээ, Хуулийн бүлэглэлийнхэн эхлээд зарим хэвлэлд өнөөх хонгилоор чирэх хүнийхээ талаар мэдээлэл өгөөд цааш нь сошиал орчноор цацаж, ийм гэмт хэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаа муу муухай хүн байна шүү гэж хэн нэг хүний талаар зориудаар зохион байгуулсан зүйлээ явуулдаг. Тэр сургаар л нийгмээрээ үнэн, худлыг нь шүүхээр шийдээгүй байхад л аль хэдийнээ үзэн ядаж, гэмт хэрэгтэн болгож буруутгаж эхэлдэг юм байна.

Өнөөх хонгилынхон хэвлэлд гармагц нь эрүүгийн хэрэг үүсгээд нөгөө хэргээ тохохын тулд янз бүрийн арга хэрэглэдэг жишиг байна. Эхнээсээ эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэж байгаа талаар олон нийт мэдэж авч байна. Зохиомол хэрэг хүлээлгэх гэх мэтээр тийм л юм хийдэг юм байна. 461.500 сая гэж эвлүүлж, монтажлаад танил сэтгүүлчдээ аваачаад өгчихдөг юм байна. 

-Таныг улсын прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн асуудал тэгээд юу болж хувирав аа, Ерөнхийлөгч тэр бичлэгээс болоод таны нэрийг буцаагаад татчихсан уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотой нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг татсан. Миний талаар гарсан бичлэгийн үнэн мөнийг тогтоох ч шаардлага бас байсан байх. Нэгэнт ийм бичлэг цацагдсан учраас арга ч үгүй биз. Үнэн, худлыг, яг тэр бичлэгт юу бичсэнийг шалгаж тогтоохоор учир нь олдох байх. Өөрт чинь ярилцлага өгөхийг зөвшөөрсөн маань зөвхөн надад хамаатай юм биш, нийт хуульчдад хамаатай асуудал учраас хэн ч гарч ирсэн, мэргэжил ур чадвараараа гараад ирж байгаа хүнийг гүтгэж доромжилдог, дарах агнах ажиллагаа явуулдаг болчихоод байгаа учраас л дуугаръя гэж шийдсэн юм.

-Хуульчид гэснээс сүүлийн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад хуульчид чинь их баян, хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс байдаг юм биш үү?

-Хөрөнгөжсөн хурандаа гэж нэг хэсэг ярьдаг байсан, сүүлдээ, хөрөнгөжсөн шүүгч гээд л, одоо бүр хөрөнгөжсөн хуульчид гэж нийтийг хамруулж ярих болж. Олны үг ортой гэдэг. Нийтэд ил тод байхыг би зөв л гэж үздэг. Харин ч хөрөнгө орлогын мэдүүлэг бол олон зүйлийг хэлж өгч байгаа.

-Таны хувьд?

Миний хувьд тийм их мөнгө олж бизнес хийж байсан зүйл байхгүй. 13 дугаар хорооллын дөрвөн өрөө байрандаа эхнэр, хүүхэдтэйгээ жирийн л сайхан амьдардаг. Жижиг суудлын тэрэгтэй, банкинд хадгаламж энэ тэрээ ч байхгүй.

-Үнэн биз?

-Тэгэлгүй яахав. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа гаргавал харин жинхэнэ хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү дээ.

-Хуулийнхан хэргийг буруу шийддэг гэхээр аймшигтай санагддаг л даа. Хичнээн энгийн иргэд, бизнес эрхлэгчид хохирдог бол. Хичнээн гэмт хэрэгтэн гэмгүй болоод явж байгаа бол.....

-Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Энэ бол бүх хуульчид буруутай, бүх хуульчид хэргийг ийм маягаар шийддэг гэсэн үг биш л дээ. Шүүх, прокурорын байгууллагад алдаа гарч байсан тохиолдол байсныг бол хүмүүс мэдэж л байгаа. “Үнэний эрэлд” гээд л нэвтрүүлэг байлаа. Ийм алдаа завхралыг жирийн хуульчид гэхээсээ эрх мэдэл бүхий хүмүүс, хуулийн байгууллагын толгойд байсан хүмүүс л хийж байсан байх.

Жирийн хуульчдын амьдрал жирийн иргэдтэй л адил шүү дээ. Тэр жирийн нэг хуульчдын нэг нь би. Энгийн амьдралтай, ажилчин гэр бүлээс гаралтай, тийм л нэг хүн. Тэрнээс биш улс төр бизнесийн бүлэглэлийн, нутаг усны бүлэглэлийн хүмүүсийг би танихгүй.

-Тэр олон зуун мянган хуульчдаас чухам яагаад таныг сонгож дэвшүүлье гэсэн юм бол. Та Ерөнхийлөгчийг таньдаг юм уу?

-Би танихгүй. Түрүүнд би Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үгийг хэлсэн дээ. Бодлогын түвшинд ажиллах бололцоотой юм байна гэж хэлсэн тухай. Тэр нь стратеги, төлөвлөлт, боловсон хүчний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн эрүүгийн эрх зүй дагнасан хүн байх боломжгүй.

Захиргааны эрх зүй мэддэг, олон улсын эрх зүй мэддэг, одоо нийгмийн эмзэг сэдэв болоод байгаа уул уурхайн эрх зүйн мэддэг хүнээ тавьж байж бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн гэмт хэргийн хойноос хөөцөлдсөн хүнийг Прокурорын толгой дээр тавьчихаар нөгөө хүн ч ямар ч хэрэг байсан хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэн болгох гэдэг хэт мэргэшсэн тал руугаа явчих гээд байдаг. Тэр бодлогын түвшинд ажиллахад ажилласан байгууллага, ажилласан түүх нь нийцэж байна гэдэг утгаараа нэрийг минь дэвшүүлсэн юм билээ.

Намайг ямар нэг асуудалтай байна гэж үзсэн бол албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах эрх Монгол Улсын ерөнхий прокурорт байсан.

-Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол?

-Үнэн олдоно. Нэр дэвшигч болгоныг гүтгэж, нийгэмд нэр хүндийг нь унагаах, тэрний хүн, энэний хүн гэж цоллон балбаад эхэлдэг юм байна. Үүндээ технологийн дэвшил ашиглаад гаршчихсан байна. Дэвшсэн болгоныг дэвсэлнэ. Хонгилдоо чирнэ. Аягүй бол золиос болгоно. Юм болгонтой холбож, аргагүй байдалд оруулах замаар эцсийн зорилго болох өөрийн ашиг сонирхолд нийцэх хүнийг гаргаж ирэх сонирхолтой юм шиг байгаа юм.

-Та түрүүн прокурор мэргэшсэн гээд хэлчихэв үү дээ?

-Тийм ээ. 2003 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульч гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнийг хэлнэ гээд заачихсан байгаа. Ийм зөвшөөрөлтэй хүн шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж болно. Тэгэхээр прокурор нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн хүн байдаг.

Харин цагдаагийн байгууллагын албан хаагч нарт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Гэтэл цагдаа нар мэргэшсэн хуулийн байгууллагыг удирдаад байхаар “Хонгил үүсэх” нөхцөл бүрдээд байна.

Хуульчийн мэргэшсэн эрхийг авах амаргүй. Яг л эмч шиг нарийн мэргэжил. Шаардлага ч өндөр. Прокурор нь өөрөө их онцлогтой. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг, тэрэнд хяналт тавьж хянадаг. Хуулийг төгс хэрэгжүүлдэг субъект байх ёстой.