Ц.Батсүх: Монголын төр, Монголын цагдааг Н.Номтойбаяр даапаалж байна

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Ц.Батсүхтэй ярилцлаа.


 

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг та үзэв үү?

-Сонссоон, тэгээд үзлээ.

-Ярилцлагын үеэр Н.Номтойбаяр гишүүн 2013 онд, Т.Билэгт даргын удирдлагад өндөр албан тушаал хашиж байсан, одоо ажилгүй байгаа цагдаагийн хурандаа хоёр ч хүнээр дамжуулан өөрөөс нь сая доллар нэхсэн тухай ноцтой зүйл ярьсан. Тэр хурандаа хэн бэ гэсэн таамаг яриа өчигдөр хэвлэл болон сошиалаар нэлээд өрнөлөө. Таныг байж магадгүй гэсэн яриа гарсан учир тантай уулзахаар, ярилцахаар зорин ирлээ.

-Би наадахыг чинь үзлээ л дээ. Хоёр хүнээр дамжуулан нэг сая доллар нэхсэн гээд нэг нь миний найз мунзуй Г.Нямдорж гэдэг хүнээр дамжуулан нэхсэн гэж байна лээ. Энэ бол намайг хэлж байгаа юм.

-Та тэгж нэхэж байсан юм уу, яагаад ийм итгэлтэйгээр өөрийгөө хэлж байна гэж бодов?

-Намайг ингэж яриад явж байна гэж би сонссон. Ингэж ярих гэж байна гэдгийг нь ярилцлага гарахаас өмнө би сонсчихсон байсан. Яг ярилцлага дээрээ нэр усгүйгээр, төөрөгдөлд оруулахаар их эвгүй хэлж байаа биз. Энэ нь нэгдүгээрт намайг хэлж байгаа юм. Хоёрдугаарт энэ бол гүтгэлэг. Увайгүй, ичгүүр сонжуургүй гүтгэлэг. Хувь хүний өс хонзонгийн хийгээд улс төрийн өс авах гэсэн л гүтгэлэг яваад байгаа юм.

-Та Н.Номтойбаяр гишүүнд тийм хувийн өс хонзон өвөртлөх хүртэл муу зүйл хийж байсан юм уу?

-Ямар юмны тийм зүйл байхав. Өөрийнх нь яриагаар бол тэр мөнгө төгрөг нэхсэн гээд байгаа нь 2013 оных юм шиг байгаа юм. Тэр үед би Улсын мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байлаа. Харин Н.Номтойбаяр яасан гэхээр Мунзуйтайгаа нийлээд бааранд зодоон цохион хийж, хутга шөвөгний хэрэгт холбогдсон байсан үе нь. Тэр хэрэг дүүргийн мөрдөнд шалгагдаж байсан. Та бүхэн санаж байгаа бол Н.Номтойбаяр тэр үед сонин хэвлэлээр өөрийгөө буруу зөрүү шалгалаа гээд ярьдаг байсан. Сүүлдээ энэ Мунзуйгийн ард намайг байна гэж ярьдаг болсон.

-Мунзуй Г.Нямдорж гэдэг хүнтэй та ойр холбоотой байсан юм уу?

-Болдоггүй этгээд л дээ. Манай цагдаагийнхан андахгүй. Би хамгийн анх хэргийг нь шалгаж байснаараа л холбогддоггүй юм бол ямар юмны ойр дотно холбоо байхав. 1993 онд анх намайг Баянгол дүүрэгт мөрдөн байцаагч байхад орон байрны хулгайн хэргээр над дээр шалгагдаад хамгийн анх ял авч байсан. Сүүлд Центрпойнтын хэргээр над дээр бас шалгагдаад ял аваад явж байсан. Ер нь болдоггүй этгээд. Центрпойнтын хэргээр ял эдлээд гарч ирснийхээ дараа гадуур хүн амьтан дарамтлаад байна гэж сонсогдож байсан. Сураг сонсох нь ээ МАК дээр ажилладаг болсон гэж байсан. Н.Номтойбаярын багын найз юм гэсэн. Тэгж байтал нүүрсний компанийнхныг хувь өгөхгүй бол ална шулна гэж дарамталсан гээд манай дээр дуудагдсан. Мунзуй Г.Нямдорж шүү дээ. Тэр дарамтлуулсан хүн нь уг нь одоо ч байгаа. Тэгээд мөрдөн дээр дуудаад чи яахаараа ингэж хүн амьтан дарамталдаг юм гэсэн чинь маргааш манай дээд газарт өргөдөл гаргачихсан байдаг юм. “Ц.Батсүх гэдэг хүн дарамталлаа” гээд.

-Г.Нямдорж нь шүү дээ, тийм үү?

-Биш ээ, Н.Номтойбаяр нь тэгж өргөдөл гаргаж байсан. Манай Г.Нямдорж найзыг Ц.Батсүх дарамталлаа. Шоронгоос гарч ирээд мөрөөрөө амьдарч байгаа хүнийг цагдаагийнхан оролдоод байна гэж өргөдөл гаргасан байдаг юм. Тэр дагуу нь албаны шалгалт хүртэл над дээр оруулж байсан. Ингэж нийлээд над руу албаны шалгалт оруулж байсан хүн чинь хэдхэн жилийн дараа нөгөө багын найзтайгаа муудалцчихаад сонин хэвлэлээр “Мунзуй Г.Нямдоржийн ард Ц.Батсүх байна” гээд л яриад явдаг болсон. Шалгагдаж байхдаа наад хоёр чинь хоёр талд нэг нэгийгээ сонин хэвлэлээр мөн ч их ярьцгаасан даа, хүмүүс санаж л байгаа байх. Тэр хугацаандаа над руу, хувь хүн рүү минь ч  их дайрсан, гүтгэсэн, ажил албыг минь ч их гутаах гэж оролдсон.

-2013 он гэхээр Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болчихсон байсан байх нь?

-Тэгэлгүй яахав. Гишүүн байсан. Би Н.Номтойбаярт ч хэлсэн, Г.Нямдоржид ч хэлсэн. Та хоёр зүгээр хэргээ шалгуулчихаарай гээд. Бүүр болж өгдөггүй, аргаа бараад Н.Номтойбаярын аавтай нь уулзсан ш дээ. Н.Нямтайшир гуйатай уулзаад, та энэ хүүхдэдээ хэл ээ, зүгээр хэргээ шалгуул. Багын найзтайгаа нийлээд над дээр албаны шалгалт хийлгэж байсан хүмүүс одоо муудалзчихаад намайг Г.Нямдоржтойгоо нийллээ гээд гүтгээд байх юм гэж хэлж л байсан. Тэрнээс хойш тэгж элдвээр гүтгээд байх нь гайгүй болчихсон байсан юм. Одоо ингээд сэдэрчихлээ. Бодвол багын найз Г.Нямдоржтойгоо нийлээд намайг мөнгө нэхсэн гэж гүтгэх гэж байгаа юм байлгүй.

-Яагаад ингэсэн юм бол? Гэхдээ таныг гэж шууд хэлсэнгүй. Ингэж ярих цаад агуулга нь юм байсан юм бол оо?

-Хаврын чуулган эхлэх гэж байна, энэ чуулганаар хуулийн байгууллагын болж бүтэхгүй байгаа зүйлээс салъя гээд олон шинэчлэл яригдах байх. Хуулийн байгууллагад шударга бусын хонгил байдаг юм байна, үүнээс салъя гээд Ерөнхийлөгч, Засгийн газар санаачилга гаргаад ажиллаж байна аа даа. Хаврын чуулганаар энэ дагуу олон томилгоо явагдах байх. Үүнийг л эсэргүүцсэн, будлиантуулах гэсэн явуургүй санаа нь л байх даа. Нэр усгүй, битүү хөтүү юм ярьчихаад УИХ дээр томилгоо орж ирэхээр “Энэ нөгөө Н.Номтойбаярын хэлээд байсан хурандаа нь биш юм байгаа” гэсэн эргэлзээ төрүүлж гацаадаг ч юм уу нэг тиймэрхүү далд санаатай байгаа байх.

-Сэтгүүлчийн хувьд Н.Номтойбаяр гишүүний ярьсанд эргэлзэж байна л даа. Яагаад тийм их мөнгө нэхсэн, дарамталсан юм бол тухайн үед нь гаргаж тавиагүй юм бол гэж бодоход л ингэж байна?

-2013 онд энэ нь үнэхээр болсон юм бол Н.Номтойбаяр яагаад задлаагүй юм, яагаад одоогийнх шигээ зарлаагүй юм. Тэр үед Н.Номтойбаяр хэрэгт холбогдоод шалгагдаж л байсан ш дээ. Үнэхээр Улсын мөрдөн байцаах газрын дарга нь мөнгө нэхэж байсан юм бол хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа хүн хав дараад өнгөрөх үү? Ядаж л түүнийг задлахад өөрийнх нь хэрэгт сайнаар нөлөөлнө биз дээ. Бузар булай улсууд мөнгө нэхэх гэж хэрэгт хийсэн болоод өөрөө цагаадаад гардаг юм байгаа биз дээ. Хоёрдугаарт, 2016 он хүртэл би Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед ийм муухай хүн хуулийн байгууллагын ийм өндөр албанд очлоо гээд эсэргүүцээд, ярьж байхгүй юугаа хийгээд дуугүй байгаад байсан юм. Гүтгэлэг л байхгүй юу. Тухайн үед тийм зүйл болоогүй болоод л тухайн үед Н.Номтойбаяр чимээгүй л байсан байхгүй юү. Харин одоо ингэж нэр усгүйгээр ийм юм яриад сууж байгаа нь хуулийн байгууллагад болж бүтэхгүй байгаа бүхнийг засч залруулъя гэсэн төрийн бодлогыг даапаалж, даажигнаж байгаа юм.

-Өөрийгөө Н.Номтойбаяр гишүүн шударга бусын хонгилоор ороод гарсан л гэж байна лээ?

-Бааранд танхайрсан хүн хэрэгт шалгагдахаар шударга бусын хонгилоор орчихдог юм уу. Хууль бусаар баавгай агнасан нь ил болоод шалгагдахаар шударга бусын хонгил үүсчихдэг юм уу. Шударга бусын хонгил гэдгийг Н.Номтойбаяр ингэж л даапаалаад сууж байна.

-Н.Номтойбаяр гишүүн гүтгэлээ гэж байгаа бол та хуулийн байгууллагад хандах уу, эсвэл ингээд хэвлэлээр ярилцлага өгөөд л болох юм уу?

-Би хуулийн байгууллагад хандчихсан ш дээ.

-Өө тийм үү. Хэзээ тэр вэ?

-Тэр нэвтрүүлэг гарсны маргааш АТГ-т хандсан байгаа. Энэ нь намайг яриад байгаа юм аа, үүнийг шалгаад өгөөч ээ гээд өгчихсөн. Намайг ингээд яриад явж байна гэдгийг нь би өмнө нь сонссон юм. Би 17 настайдаа цэрэгт явж хилчин байлдагч болсноосоо хойш төрд өргөсөн шударга ёсны тангарагтаа үнэнчээр явсан. Ингэлээ гээд сайн муу олон юм үзсэн. Унаж босож ч үзлээ, гэхдээ шударга ёсноос урваж үзээгүй. Н.Номтойбаяр ингэж ярьснаар миний хувь хүний нэр хүнд сэвтээд байх юмгүй, намайг таньдаг бүх хүн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамт олон маань ийм зүйл хийх хүн биш гэдгийг маань сайн мэднэ.

Харин цагдаагийн байгууллагын нэр хүндийг үүгээр унагахаар санаархаж байгаад нь эгдүүцэж байна. Хуулийн байгууллагад олон алдаа дутагдал байгаа, түүнийг нь засч залруулах төрийн бодлого явж байна. Гэхдээ хуулийн байгууллагад төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа нь болж бүтэхгүй байгаа хэдээсээ хавьгүй олон байгаа шүү. Цагдаагийн удирдлагад ажиллаж байсан  хүн нь ингэсэн гэж гүтгэж байгаагаараа Н.Номтойбаяр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа олон жирийн албан хаагчийг өөр шигээ заваан харагдуулахын тулд зориуд гүтгэж байгаа юм. Ингэж нэргүй гүтгэлэг тарааснаараа хуулийн байгууллагад хийгдэх томилгоонуудыг бүгдийг нь гацаах гэсэн далд санаагаа гүйцэлдүүлэх гэж байгаа юм. Шударга бусын хонгил гэдэг чинь цөөхөөн хэдхэн хүний асуудал. Хуулийн байгууллагад шударгаар ажиллаж байгаа нь хавьгүй олон гэдэгт би итгэдэг.

Эх сурвалж: 24tsag.mn С.Гандөл