Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулга та ажлаа хийнэ үү

Одоогийн нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийг аз жаргалтай болгож, аюулгүй орчинд амьдруулна хэмээн амлалт өгч гарсан хүмүүс. Гэтэл өнгөрсний зөрчил дутагдал бахь байдгаараа л байсаар. Цахилгааны ил гарсан утас, барилгын блок гээд иргэдийн амь насанд заналхийлж байгаа зүйл хаа сайгүй байна. Ялангуяа, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй барилгын үйл ажиллагаа эхлүүлэх нь олширлоо. Тэнд хүний амь эрсдэх, тэндээс унасан төмөр эсвэл тоосгоны хэлтэрхий хүний амийг хороовол хариуцлага ногдуулах хүн алга.

Тэдний үйл ажиллагааг хянах үүрэгтэй нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнийхөн албан бичиг өгсөн болоод өнгөрч байна. Нийслэлийн удирдлага  зөвшөөрөлгүй, хот төлөвлөлтийг гажуудуулж буй энэ мэт зөрчлийг арилгуулна хэмээн өөрийн багаа бүрдүүлсэн. Ингээд тус газрын даргаар Ц.Тулга гэх хүнийг томилсон. Гэвч тэд зорилгоо умартаж, багийх нь гишүүн салбарынхаа зөрчлийг үл ойшоож байна. Холбогдох албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар нийслэлд ийм зөрчилтэй байгууллага 100 орчим бий аж. Аж ахуйн нэгжээс авахуулаад иргэдийн дур мэдэн барьж буй барилгын жагсаалтыг зургаас харж болно.  

Энэ талаар нэгэн иргэн бидэнд мэдээлэл ирүүлсэн юм. Тэрбээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суудаг гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард амьдардаг байрных нь дэргэд "Андын зам" хэмээх компанийнхан гэнэт газар ухаад эхэлжээ. Захирал болох И.Мөнхдорж нь оршин суугчдыг элдвээр харааж, танил талтай учраас барилгын ажлаа дуусгана хэмээн даналзаж байгаа гэнэ. Тиймээс тухайн иргэн хэсэг хүмүүстэй хамтарч, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасан ч тус газраас тухайн компанид зөрчлөө арилга гэсэн албан даалгавар өгсөн аж.  Албан даалгавар хүргүүлсэн компани зөрчлөө арилгах нь байтугай өдгөө суурийн цутгалтаа хийгээд эхэлсэн гэнэ. Ирэх өдрүүдэд барилгаа давхарлаад эхлэх магадлалтай. Хотын удирдлага, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Ц.Тулга та бүхэн гаргасан шийдвэрээ мөрдүүлж, ажлаа хийнэ үү. Албан бичиг хүргүүлсэн төдийхнөөр ажил хийлээ гэж сүржигнэхээ зогсоож, "хөрсөн дээр" бууж ажиллах шаардлагатай байгааг сануулъя.