Х.Мандахбаярт жолоодуулаад Монголын сэтгүүлчид юу хожив?

“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үг бий. Энэ үг зөвхөн төр удирдаж байгаа хүнд хамааралтай биш юм байна гэдгийг сэтгүүлчид яг одоо маш сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сэтгүүлчдийн хувьд төр нь, малгай байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл. Учир нь, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдийнхээ төлөө бодлого боловсруулж ажиллах ёстой. Гэвч сэтгүүлчид өөрсдийн “төр”-өө хэтэрхий их хүссэн хүнд атгуулснаас болж бүрхэг байдалд орчихоод байна.

2018 оны хоёрдугаар сарын 2-нд Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга Х.Мандахбаяр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болохыг ямар их хүсэж, зүтгэж байсныг тухайн үед хуралд оролцсон сэтгүүлчид сайн мэдэж байгаа. МАН-ын гишүүн байсан тэрээр улс төрийн хайрцаглах технологийг сэтгүүлчдийн толгой байгууллагын ээлжит их хурал дээр хэрэгжүүлж чадсан юм. Бараг намын гишүүнчлэлээсээ салж амжаагүй байхдаа тэрээр “Улс төрийн намын гишүүн энэ байгууллагыг удирдаж болохгүй” гэж сэтгүүлчид эсэргүүцэх үед “Би намаас гарах хүсэлтээ гаргачихсан байгаа” хэмээн хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, намаасаа албан ёсоор гараагүй байхдаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч болсон юм. Яаж гэж үү. Х.Мандахбаяр бүх зүйлийг өөртөө зориулаад төлөвлөөд бэлтгэчихсэн байсан. Хурлын үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийн 1.6-д байсан "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар нам бус иргэд байна" гэсэн заалтыг өөрийнхөө тойрон хүрээлэгчдийн дэмжлэгтэйгээр хассан гэх маргааныг одоо ч сэтгүүлчдийн олонхи нь ярьж явдаг. Энэ ч яахав. Харин Х.Мандахбаярын амлалтыг санъя.

Тэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүнээр сонгогдохдоо дараах ажлуудыг хийхээ амласан.     

-Мэргэжлийн хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэх,

-Cэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх,

-Сэтгүүлчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх,

-Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч 1000 сэтгүүлчийн орон сууцны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх

-Эрсдэлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулах

-Cэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах

-МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах

-МСНЭ-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Энэ мэтээр үргэлжилнэ, амлалт нь. Хэрэгжүүлдэг бол сайхан л жагсаалт. Харамсалтай нь, өнөөдөр Х.Мандахбаяр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг хувийн компани шигээ л удирдаж байгаагаас өөрөөр МСНЭ сайжирсан зүйлгүй байна. Харин нь ч өөрөө телевиз авлаа, сонин авлаа. Медиа групп байгууллаа. Энэ бүхний эх үүсвэр хаанаас гараад байгааг жирийн сэтгүүлчид мэдэхийг хүсч байна. Учир нь Х.Мандахбаярын өөрийнх нь жил гаруйн өмнө хэлж байсан хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн боловсрол, ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх, эрсдэлийн даатгалд сэтгүүлчдийг хамруулах, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлууд алга. Сэтгүүлч та боддоо. Х.Мандахбаяраар жолоодуулаад та юу хожсон бэ?