Х.Мандахбаяр яагаад хятадуудтай сүлбэлдэх болов?

Монголын сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгч Х.Мандахбаяр хятадуудтай илтэд сүлбэлдэх болсон талаар хэн хүнгүй ярьж байна. Сэтгүүл зүй, сэтгүүлч нар хараат бус байх гэсэн ганцхан амин зарчимтай. Гэтэл МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг бөөн бөөнөөр нь БНХАУ руу аялуулж, өмнөд хөршийн хөгжлийг, удирдагчдыг магтан дуулуулах кампанит ажлыг маш эрчимтэй хийж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнд эгдүүцсэн нэгэн сэтгүүлч МСНЭ чинь Хятадын сэтгүүлчдийн эвлэл болчихсон юмуу гэж дуу алдсан удаатай.

Монголчууд хувь тавилангаар хоёр их гүрний хооронд хавчуулагдан оршдог. Аль нэг улсын харилцааг хөт дөвийлгөх нь үндэсний аюулгүй байдалд асар их хортой гэдгийг учир мэдэх хүмүүс байнга сануулдаг. Мэдээллийн тэнцвэрт байдлыг дээд зэргээр сахин хамгаалах үндсэн үүрэгтэй сэтгүүлчид Х.Мандахбаярын зохион байгуулж буй нэг хөршийг магтан дуулах кампанит ажилд бөөн бөөнөөрөө, вагон вагоноороо татагдан оролцож байгаа нь хэр зохистой вэ. Жилдээ ганц тохиодог Үндэсний их баяр наадмаар 50 гаруй сэтгүүлчийг хятадаар аялуулахаар төлөвлөж байгаа нь юуны дохио вэ.

Нийтлэлч Баабар өөрийн твиттер хуудаснаа нэгэн ноцтой мэдээлэл жиргэжээ. Тэрээр “Хятадын коммунист намын Төв хорооны Худалдааны хэлтсийн дарга машинтай хилээр орж ирэн Оюутолгойн далд уурхайтай танилцаад буцлаа. Зочдыг МАН-ын зохих удирдлагууд хүлээн авч уурхайг үзүүллээ. Авах эзэн адууныхаа шүдийг үзээд буцлаа” хэмээжээ. Хятадын дарга нарт үйлчилсэн МАН-ынхан дотор МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр байлцсан гэх мэдээлэл ч хуурай өвсөнд ассан гал шиг түгэв. Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд даргын ажлаа өгөөгүй, эсвэл нууцаар хийгээд байгаа юм биш биз дээ гэх хар өөрийн эрхгүй төрж байна.

Сэтгүүлч, яруу найрагч Б.Галсансүх олон нийтэд хандаж хэвлэлийн бага хурал хийхдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг Хятадын коммунист намын төлөөлөгчдийг Өмнөговь аймагт хүлээн авч үйлчлэх гэж байгаа тухай ярьсан. Түүний яриа, Баабарын жиргээ хоёрыг харахад энэ бүхэн үнэн байх магадлалтай байна. Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж байгаа хүн улс төрийн үйл ажиллагаа, тэр тусмаа Хятадын коммунист намынхантай уулзах нь байж болох энгийн үзэгдэл яавч биш. Хятадуудаас санхүүжилт босгож УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн цуу яриа үнэн болж хувирах юм биш биз???

 

Б.Бат