Налайх Эрүүл мэндийн төвд “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ” нээгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. энэ үеэрээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд ажилласан юм. Эрүүл мэндийн төвд өнөөдөр “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгсэн юм. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус тасаг нээгдсэнээр нярайн эмгэгийг эрт үед нь илрүүлэх, дүүргийн эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулах буюу лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг багасгах, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

“Эрүүл иргэн” аян Налайх дүүрэгт үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай захирамжийн дагуу нийслэлийн 152 хорооны хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог хийхээр болсон. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны үйл ажиллагааны явцтай биечлэн танилцлаа. 

Хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урдчилсан сэргийлэх үзлэг хийх үүднээс нийслэлийн 152 хороонд "Эрүүл иргэн" аяныг зохион байгуулж байна. Сэргийлж болох өвчинөөс урдчилан сэргийлэх, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн эндэгдлийг багасгаж, халдварт болон бусад төрлийн өвчнөөс сэргийлж, шаардлагатай эмчилгээг зохион байгуулах зорилготой. Иргэд заавал төвийн эрүүл мэндийн төвүүд дээр очиж урт дараалалд зогсож, цаг алдах шаардлагагүйгээр хорооныхоо өрхийн эмнэлэг дээр ирээд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх боломжтой. Цаашид мэргэжлийн бүхий л байгууллагуудтай хамтарч улам өндөр зохион байгуулалт сайтай болгон үргэлжлүүлнэ. Иргэд аяны хүрээнд хорооныхоо өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр ирж эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдаарай гэж уриалмаар байна" гэв.

Аяны хүрээнд тус ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар, хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хийж, ЭХО болон рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх, умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, амьдралын зөв дадал хэвшилд сургахаар зорьжээ.

“Голомт” цогцолбор сургуульд яаралтай хүчитгэсэн засвар хийхийг даалгав

Голомт цогцолбор сургуулийн нэг байр нь 1961 онд нөгөө нь 1966 онд анх ашиглалтад орж байжээ. Өнөөдөр цогцолбор сургууль хичээлийн гурван байранд 64 бүлэгт 2367 гаруй сурагч 98 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргасан байдаг аж.

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр тус сургуулийн байранд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа “Сургуулийн суурийн блокууд үйрсэн, бяцралттай болсон учраас шалан доогуураа нэвт салхи сийгдэг. Дулааны шугам нь шалан доогуураа явдаг. Хэрвээ шугаманд ямар нэгэн гэмтэл гарах л юм бол сургуулийн үйл ажиллагаа зогсоно. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байгаа. Спорт залны хувьд гадна талын тоосгонууд нь үйрч нарийн шороо болсон. Таазны шавар нурж унахад бэлэн болоод байгаа” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Сургуулийн байрыг эхний ээлжинд хүчитгэн засах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэ. Бусад дүүрэг хороодод ийм нөхцөл байдалтай хэдэн сургууль, цэцэрлэг байгаа гэсэн тоо судалгааг гаргаад яаралтай танилцуул” хэмээн холбогдох албаны удирдлагуудад даалгав.

Мянганы зам хүртэлх 1.7 км авто замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах боломжтой

Нийслэлийн Замын сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх шинээр барих 1.7 км авто замын ажлын явцтай танилцлаа. “Замын траст өртсөн найман гарааш, дөрвөн айлын хашаа байгаа. Дүүргийн Засаг дарга чөлөөлж өгөхөөр болсон. Ямар нэгэн асуудалгүй. Тулгараад байгаа нэг асуудал нь замын доогуур 280 метр орчим цахилгааны шугам давхцсан байгаа. Үүнийг шилжүүлэх ажил хүлээгдэж байна. Хэрэв яаралтай шилжүүлчихвэл ирэх долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой” гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулав.

Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс нийслэл, дүүргээс шалтгаалах, шаардлагатай ажлуудаа уялдуулаад ажлаа түргэвчилэх үүргийг өглөө.

Тухайн замын ажлыг Билэгт зам ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг зам нь долоон метрийн өргөнтэй, хоёр эгнээ, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байх юм байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС