Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15  жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм.

Хүндэтгэлийн хурлын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нарын хүндэт зочид болон онцгой байдлын албаны үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.

Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, ОБЕГ-ыг 15 жилийнх нь ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Онцгой байдлын албыг анх байгуулж, Монгол Улсын сайд, Шадар сайдын хувиар гурван удаа удирдан ажиллахад хамт хүчин зүтгэж байсан үе үеийн дарга, удирдлага, аврагч, албан хаагчдад талархал илэрхийлье. Гал түймэр, үер усны аюул, цасан нуранги, шуурга, зуд, халдварт өвчин зэрэг байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөл, гамшиг, ослын голомтод цаг наргүй хүчин зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй хангамж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө Монгол Улсын төр, засаг шат дараатай арга хэмжээ авна” хэмээлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хүний амьдралтай харьцуулахад 15 жил богино хугацаа хэдий ч та бид хамтран Онцгой байдлын албыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсний үрээр бид иргэдээ авран хамгаалах, аюулгүй, амар тайван амьдруулах төрийн эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирснийг онцлон дурдахад таатай байна. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, найдвартай хүргэж байгаа, нэр хүндтэй, итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын байгууллага ямагт хошуучлан ажиллаж байгааг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэж хэлье. Цаашид үйл ажиллагаа, хүчин чадал, албан хаагчдын ур чадвар жил ирэх тусам улам өргөжин тэлж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн тангаргаа нэр төртэйгөөр биелүүлсээр байна гэдэгт та бүхэндээ эргэлзэхгүй байна” гэсэн юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх эрх зүйн орчин нэгэнт тогтсон. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй үеийг туулж байгаа хэдий ч 2015 оноос хойш 42 анги, салбар, хэлтсийг шинээр байгуулж 900 гаруй алба хаагчаар эгнээгээ тэллээ. Бид өнөөдрийн түвшинд хүрсэн ололт, амжилтаа бататгаж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Онцгой байдлын алба улам бүр бэхжин өнө мөнх оршин тогтоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийт бие бүрэлдэхүүндээ 15 жилийн ойн баярын мэнд хүргэж, амжилт хүслээ.

Зочид, төлөөлөгчид хүндэтгэлийн хуралд үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгслийг олгохоор болсноо хэлж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд эрхийн бичгийг гардуулсан юм.

Мөн Шадар сайдын зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагналаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг Онцгой байдлын Ерөнхий газрын “Тэргүүний албан хаагч” цол тэмдгээр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан онцгой байдлын албан хаагчдад цол олгосон юм.