Эрүүл мэндийн хууль зөрчин “МОНОС”, “МОНГОЛ ЭМ ИМПЕКС”-ийн тусгай зөвшөөрлийг сунгажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
 
Улаанбаатар хотод 1300 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 90 эмийн сан шалгалтад хамрагдсан байна. Тэдгээрээс 59 нь бага эрсдэлтэй, 28 нь дунд эрсдэлтэй, 3 нь их эрсдэлтэй үнэлэгджээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 218 заалт бүхий 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. 
Мөн стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулжээ.
Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон байна. 
Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК гэх мэт байгууллагуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох байтал 5 жилийн хугацаагаар олгосон нь хууль зөрчиж олгосон байна.

Үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар 5 эмийн сан / Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн / БЗД дэх салбар Ааг фарм/, Бажа азиа Монголиа ХХК-ийн Баянсонгино ХХК, Түвшин Орд ХХК-ийн эмийн сангууд/, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлсэн. Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн Монос Улаанбаатар ХХК, Тавин ус ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн Азифарм ХХК Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлсэн байна.