Бизнес эрхлэгч залуучууд чуулна

 "Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" үндэсний чуулган болно. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлөөс энэ 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах уг чуулганы талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн дарга Г.Бадмаадорж, дэд дарга Г.Чойжамц нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Чуулганд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч 300 гаруй залуус оролцох юм.

Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулах нь чуулганы зорилго юм гэдгийг Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн дарга Г.Бадмаадорж онцолж байна.

Чуулганаар хөрш хоёр орны танхим, салбартаа манлайлагч шилдэг бизнесменүүдийн төлөөлөл илтгэгч, панелистуудаар оролцож, шинэ мэдлэг мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулан түгээх аж. Чуулганаар дараах сэдвүүдийг хэлэлцэж, нэгдсэн зөвлөмжид тусгана гэв. Үүнд:

  • Бизнесийн ёс зүй, хувь хүний хөгжил нь бизнес болоод улс орны хөгжилд нөлөөлөх нь,
  • Бизнес эрхлэгч залууст чиглэсэн хууль дүрэм журам, тэдгээрийн хэрэгжилт,
  • Бизнес эрхлэлт болон татварын хууль эрх зүйн орчин, зохицуулалт,
  • МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй бизнесийг дэмжих бодлого,
  • Олон улсын болон Монгол Улсын бизнесийн орчин, чиг хандлага,
  • Аж үйлдвэрийн 4-р хувьсгал Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?
  • Дижитал шилжилт,
  • Монгол брэнд үүсгэж, экспортонд гаргах боломж,
  • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал,
  • Ногоон эдийн засаг.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл байгуулагдаад удаагүй байгаа ч ажил хэрэгч залуусын чуулганыг хоёр удаагаа зохион байгуулах гэж байна. Эхний чуулганыг СЕО удирдагчдын клубээс санаачлан хийж байжээ.