ШИНЭ намын удирдлагууд Дархан, Эрдэнэт хотод ажиллаж, орон нутгийн намаа байгууллаа

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын удирдлагууд өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотод ажиллаж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа.
 
Уулзалтын үеэр орон нутгийн болон нийгмийн тулгамдсан асуудлуудаар санал солилцсон юм. Дархан хот бол социализмын үед аж үйлдвэрийн бүс нутаг байсан ч сүүлийн 30 жилийн хугацаанд үйлдвэрүүд нь ээлж дараалан хаалгаа барьж буйгаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд олборлосон төмрийн хүдрээ боловсруулалгүйгээр урагшаа гаргаж байгаад Дарханчууд шүүмжлэлтэй хандаж байв.


 
ШИНЭ намын тухайд аж үйлдвэржилтийг хөхиүлэн дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Улс орны хөгжил гэр бүлийн хөгжлөөс эхэлдэг. Гэр бүл хөгжиж, хүчтэй, баян тулд аав, ээж хоёр нь ажилтай байх ёстой. Аав, ээжийнх нь ажиллаж байсан үйлдвэрүүдийг хаагаад төмрийн хүдрээ түүхийгээр зөөгөөд байж болохгүй. Ахмад үеийнхний бүтээн босгосон аж үйлдвэрүүдийг хаах биш сэргээн хөгжүүлэх нь улс орны эдийн засаг болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол арга зам юм гэдгийг тус намын дарга Ж.Батзандан хэлсэн юм.
 
Эрдэнэт хот дахь уулзалтын үеэр өнөөдрийг хүртэл энэ улсыг нуруун дээрээ үүрч ирсэн ахмадууддаа амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр өгч байгаач ээ гэдэг хүсэлтийг ахмадууд тавьж байлаа.
 
Энэ оны 6-р сард үүсгэн байгуулах их хурлаа хийж, 9 сард Улсын дээд шүүхэд бүртгүүлэн, тамга тэмдгээ аваад байгаа Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын удирдлагууд Дархан, Эрдэнэт хот дахь гишүүд, дэмжигчидтэй уулзаж, орон нутгийн болон улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар санал солилцсоны дараа намын орон нутгийн байгууллагаа байгууллаа.