Аялал жуулчлалын салбарт 1.7 их наяд доллар эргэлдэж байна

Дэлхийн аялал жуулчлалын салбар жилээс жилд тэлж, хөгжсөөр байна. Өнгөрсөн онд дэлхийн 1.4 тэрбум хүн жуулчилсан нь 2017 оныхоос зургаан хувиар өссөн үзүүлэлт. Улмаар дэлхийн эдийн засагт үзүүлэх аялал жуулчлалын салбарын үүрэг роль нэмэгдэж, 2018 онд тус салбарын орлого дэлхийн ДНБ-ны хоёр орчим хувьд хүрч, 1,7 их наяд ам.долларын мөнгө эргэлджээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар таван хүн тутмын дөрөв нь бүс нутаг дотроо жуулчилсан нь цаашид аялал жуулчлалын салбар хэрхэн өсч болохыг харуулж байна. Урт хугацаандаа хамгийн их жуулчин авсан бүс нутгийг Европ 713 сая аялагч хүлээж авснаараа тэргүүлжээ. Зарим Европын хотууд жуулчны хэтэрсэн ачааллаас болж ард иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулах болсон. Тухайлбал, Парис, Ром зэрэг хотуудад нэг хүнд ноогдох жуулчны тоо жилд 20-д хүрчээ.

Гэхдээ бусад бүс нутгуудад ч аялал жуулчлалын салбар хөгжсөөр байна. Тухайлбал, Хойд Африкт жуулчдын тоо 10 хувиар өссөн бол Сахарын Африк, Ойрхи-Дорнодод ч аялал жуулчлал нэмэгджээ. Хуучинсаг, исламын шашинт Саудын Арабын эрх баригчид АНУ, Их Британи, Европын холбоо тэргүүтэй дэлхийн 49 орны иргэдэд жуулчны виз олгож эхэлсэн юм. Саудын Араб улс 2030 он гэхэд ДНБ-нийхээ 10 хувийг аялал жуулчлалаас олох, орон нутаг болон гадаадын жуулчдын тоог 100 саяд хүргэхийг зорьж байна. Энэ бол газрын тосноос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, жилээс жилд өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын ирээдүйг харсан шийдвэр. Нэг жил хүчинтэй, нэг удаадаа 30 хүртэл хоногийн хугацаагаар байх боломжтой олон удаагийн виз нь даатгалын мөнгийг багтаагаад 120 ам.долларын үнэтэй. Персийн булангийн энэ орон хойд талаараа Йемен, урд талаараа Ирактай хиллэдэг ба өргөн уудам цөлөөс гадна ногоон уулс, хүний хөл хүрээгүй далайн эрэг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхийн дурсгалт газруудтай.

Аялал жуулчлалын салбарын өсөлтөд улс орнуудын хүн амын өсөлт, орлого нэмэгдсэн зэрэг нь нөлөөлж байна. Тухайлбал, Хятад улсын хурдацтай хөгжил, эдийн засгийн чадавх нь гадаад аялал жуулчлал нэмэгдэхэд нөлөөлжээ. Хятадын 143 сая хүн 2017 онд гадаадад жуулчилжээ. Хятад улс нь 1970-аад оноос гадаад ертөнцөд нээгдэж эхэлсэн ба сүүлийн 30 жилийн хугацаанд жуулчдын тоо огцом нэмэгдсээр өдгөө дэлхийд зургадугаарт бичигдэж байна.

Аялал жуулчлалын салбар ОХУ-д ч хурдацтай хөгжиж байна. ОХУ-д өнгөрсөн онд жуулчдын тоо 16 хувиар өсчээ. Тухайлбал, энэ сараас эхлэн Санк-Петербург хотыг үзэх хүсэлтэй гадаадын 53 орны иргэд үнэ төлбөргүй виз мэдүүлэх боломжтой болгож, цахимаар виз захиалах үйл явцыг хялбарчилснаар жуулчны тоо нэмэгджээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт Санк-Петербург хотод 650 гаруй жуулчин хүлээн авчээ. Улмаар Европын хямд өртөгтэй “Ryanair”, “EasyJet”, “Wizz Air” зэрэг авиа компаниуд Санк-Петербург руу нислэг үйлдэж эхэлснээр жуулчдын тоо бүр их нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ-ын засгийн газраас Санк-Петербург хот нь 2021 оноос эхлэн жилд зургаан сая жуулчин хүлээн авахаар тооцоолжээ. Жуулчдын орлого нь хотын төсөвт 9 тэрбум рубль /ойролцоогоор 138 сая ам.доллар/ хувь нэмэр оруулна гэж тооцжээ. Гэхдээ тэрнээс өмнө Санк-Петербург нь жилд нэмэлтээр хоёр сая жуулчныг хүлээн авахад тохирсон дэд бүтэцтэй эсэх нь санаа зовоож байгаа аж. Санк-Петербург хотод 46 мянга гаруй зочид буудал байдаг гэсэн судалгаа бий.