Д.Тунгалаг: 2020 онд Цахим төлбөрийн бүрэн автомажсан хялбар шуурхай тогтолцоонд шилжинэ

Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Д.Тунгалагтай ярилцлаа.


-Цахим төлбөрийн системийн талаар манай уншигчидад мэдээлэл өгнө үү?

-Татварын алба нь Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэхэд суурилсан цахим төлбөрийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ нь юу гэхээр татвар төлөгчдөд тайлан илгээсэн тухай бүр тухайн тайлант хугацааны төлөх дүн бүхий нэхэмжлэх үүсгээд татвар төлөгчид хүргүүлж байгаа гэсэн үг. Өмнө нь татварын орлогыг арилжааны банкаар дамжуулан төлдөг байхад данс тодруулах, татварын орлогыг буруу дансанд төвлөрүүлэх зэрэг алдаа дутагдал их гардаг байсан. Харин цахим төлбөрийн системд шилжсэнээр татвар төлөгчид  дансны мэдээлэл шаардлагагүй болсон. Зөвхөн татварын албаны төлбөрийн баримтын дугаарын дагуу татварыг төлж байна гэсэн үг.

Татвар төлөгчид гурван төрлийн төлбөрийн баримтаар төлөлт хийдэг. Нэгдүгээрт нь нэхэмжлэх буюу тухайн татвар төлөгчийн тайлантай хугацаанд төлөх дүн бүхий төлбөрийн баримт юм. Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхээр төлөлт хийдэг. Энэ нь нэхэмжлэхийн өргүй, тухайн төрлөөр бүртгэлтэй тохиолдолд урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх үүсгэдэг гэж ойлгож болно. Гуравдугаарт төлбөрийн даалгавар гэсэн баримт бий. Энэ нь юу гэхээр суутгуулан төлдөг татваруудын хувьд жишээлбэл, улсын тэмдэгтийн хураамж төлөх боллоо гэхэд шүүхийн улсын тэмдэгтийн хураамж төлөх бол суутгагч нь шүүх, суутгуулан төлөгч татвар төлөгч өөрөө байдаг. Ийм үндэслэлээр татвар төлөгч тухайн татварын төрлөөс хамаарсан төлбөрийн баримт үүсгэн татвараа төлдөг.

Цахим төлбөрийн системийг арилжааны зургаан банктай хөгжүүлэлт хийгээд хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Төрийн банк”, “Хаан”, “Худалдаа хөгжил”, “Голомт”, “Хас”, Улаанбаатар хотын банк” гэсэн зургаан банк. Мөн “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Капитрон”, “Тээвэр хөгжлийн банк” гэсэн банкуудтай хамтран ажиллах гэрээтэйгээр ажиллаж байгаа. Түүнчлэн төлбөр тооцооны Qpay, Most money, Gerege, Smart car гэсэн төлбөр тооцооны дөрвөн оператор компанитай хамтран ажилладаг болсон.

-Цахим төлбөрийн өөр ямар давуу талтай вэ?

-Татвар төлөгч татвараа төлсөн даруй  төлсөн татвар нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдэн,  татвар төлөгчид татвар төлөлтийн мэдээлэл нь шууд хүрэх боломжийг хангаж байна.

-Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

- Эхний ээлжинд Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран төрийн 43 төрлийн үйлчилгээг И баримт системээр дамжуулан төлөлт хийх боломжийг хангасан. Улмаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын төлөлтийг хийх боломжийг И баримт системээр дамжуулан төлөх хялбаржуулсан системийг нэвтрүүлж байна. Татвар төлөгчид төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэх, төлөлт хийх бүх бололцоог хангахаар ажиллаж байна.  2019 оны эхний 10 сарын байдлаар Татварын албанд нийт 2.9 сая татварын орлогын гүйлгээ бүртгэгдсэн. Энэ гүйлгээнээс авч үзэхэд 80 хувь нь бидний гэрээтэй ажиллаж буй цахим төлөлтийн систем хөгжүүлсэн зургаан банкаар дамжин орж ирсэн. 12 хувь нь хамтран ажиллах гэрээтэй болон “Монгол банк”, Төрийн сангаар дамжиж орсон ирсэн гүйлгээнүүд байна. Цаашдаа татварын орлогын бүртгэлийг бүрэн автоматжуулах үйл ажиллагаанд шилжихэд чиглэн ажиллаж байгаа.

2020 онд Цахим төлбөрийн бүрэн автомажсан хялбар шуурхай тогтолцоонд шилжинэ.

А.Сүхбат