Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригийг бүгдийг нь хүлээж авах ёстой

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж, тухайн долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр /2019.12.09/ хуралджээ. Хуралдааны талаар АН-ын зөвлөлийн дарга  Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд хэллээ. АН 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтуудыг хэлж, сануулж байсан. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд хэдэх асуудал болох түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, шинээр барих асуудал дээр тавьсан хоригийг зөв гэж бодож байна. Уламжлал барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг хадгалах ёстой гэж өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн, одоо ч санал хэвээр бий.  Нийт 539 тэрбум төгрөгөөс 2020 онд 91,7 тэрбум төгрөгийн л санхүүжилт гаргахаар тусгасан. Тэгэхээр энэ олон түүхийн барилгуудыг нурааж байгаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж бид үзэж байна. Мөн НДШ-тэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг АН хүлээж авах ёстой гэж үзэж байна. Бид үүнийг өмнө нь ч эсэргүүцэж ирсэн.  Иргэдийн цалин нэмж чадахгүй хэрнээ татварын дарамт үүсгэж болохгүй гэдгийг АН байнга хэлж байсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна. Энэ бол ардчилсан сонголтыг маш буруугаар хэрэглэх хаалгыг нээж байна. Сонгуулийн тухай хуулийн процедурын асуудлыг Ажлын хэсгийн түвшинд зайлшгүй ярих хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, Зөрчлийн хуульд маш том өөрчлөлт орж ирж байна. Зөрчлийн хууль бол сонгууль маргаантай болох дохио юм. Ноцтой үйлдлийг шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгах нь зөв. Маргааш Ажлын хэсэг хуралдана. Тэр хуралд АН-ынхан зарчмын саналаа гаргаж тавих болно" хэмээн онцоллоо.