Регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэнд нууна

Монголчууд цахим үнэмлэхийг хэрэглээндээ нэвтрүүлээд долоон жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх 2012 онд бүх хүний иргэний үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлснээс хойш өдгөө 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Гэвч цахим үнэмлэхтэй болсон ч төрийн байгууллагын хүнд суртал арилаагүй, цахим үнэмлэхний ашиг тус гардаггүй гэх шүүмжлэл иргэдийн дунд бий. Цахим үнэмлэхтэй ч гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй хосоос лавлагаа шаардаж ТҮЦ машин руу гүйлгэх, хорооны тодорхойлолтыг ч бас ТҮЦ машинаас авахыг шаардах, иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах гэх мэт асуудал бидний өдөр тутмын амьдралд тохиолддог. Энэ мэтчилэн олон шалтгаанаар зарим нь цахим үнэмлэхээ ашиглаад олон жил болсон ч ач холбогдлыг нь мэдээгүй байх тохиолдол цөөнгүй. Уг нь одоо ашиглаж буй иргэний үнэмлэхний чипэн дээр овог нэр, төрсөн он сар өдөр, газар, хурууны хээ, зураг гэх мэт 10 гаруй мэдээлэл бий. Тиймээс заавал нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр чипэн дээрх мэдээллийг харах боломжтой гэсэн үг. Тэгвэл дахин иргэний үнэмлэхний загварыг шинэчлэх тухай асуудал  яригдаж байна.

Тодруулбал, Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд 20 гаруй бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах бөгөөд уг шинэчлэлээр регистрийн дугаарыг нууцалж, чипэнд суулгах юм. 

Ирэх оноос хэрэгжих уг шинэчлэлтийн асуудал хүмүүсийн дунд багагүй эргэлзээ төрүүлж, шүүмжлэл дагуулах болов. Ялангуяа регистрийн дугааргүй болох асуудал иргэдийг гайхшируулж буй. Тэгвэл энэ нь иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болж, улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргахаар төлөвлөснийг хэлж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр иргэний үнэмлэхний шинэчлэлийг улс төртэй холбох хүмүүс цөөнгүй байна. Ирэх онд болох сонгуультай давхцан иргэний бүртгэлтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Энэхүү шинэчлэлт нь 2020 оны сонгуультай  огт холбоогүй,  УИХ-аас өнгөрсөн оны зургаадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас дараах тайлбарыг өгч байгаа юм.

Иргэний үнэмлэхийн загварыг шинэчилж, регистрийн дугааргүй болгох асуудлаар УБЕГ-ын дарга Б. Баасандоржоос тодрууллаа.

-Цахим үнэмлэхнийхээ давуу талыг үзэж амжаагүй байтал дахин шинэчлэх тухай ярьж байна.  Иргэдийн зүгээс удахгүй болох сонгуультай холбож шүүмжлэх болов. Ямар учраас шинэчилж, өөрчилж байна вэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө энэ ажлыг хийхгүй. Энэ нь сонгуультай ямар ч холбоогүй. УИХ-аас өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн багц дөрвөн хуулийг баталсан. Шинэчилсэн хуулийг мөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхний загварыг шинэчилж батлах ёстой болж, ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Мөн эдгээр багц хуульд иргэний ямар мэдээлэл нээлттэй, хязгаартай, хаалттай байхыг тусгаж өгсөн. Иргэний үнэмлэх дээр бичсэн гэрийн хаяг болон регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл. Тухайлбал, иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар иргэн хаана төрсөн, хэдэн настай, эрэгтэй, эмэгтэй юу гэдгийг хүртэл мэдэж болдог. Тэгэхээр бид эдгээр мэдээллийг агуулдаг регистрийн дугаарыг иргэний үнэмлэхний чипэн дотор шивдэг болохоор тогтсонХарин иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхдээ улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил гаргана.

Иргэний үнэмлэх дотор 12 оронтой дугаар бий. Тиймээс энэ дугаарыг хэрэглээнд оруулахаар болсон. Энэ дугаарт зөвхөн иргэний үнэмлэхийн дугаар биш тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах юм.

-Тухайлбал, ямар мэдээллийг багтаах вэ. Иргэдэд ямар давуу тал бий болно гэж харж байна?

-Монгол Улсын нэг иргэнд арав гаруй бичиг баримт байдаг. Тухайлбал, эрүүл мэнд, нийгмийн даатгал, татвар төлөгчийн дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт маш олон бичиг баримт, дугаар бий. Тиймээс “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд дээрх бичиг баримтын мэдээллийг 12 оронтой дугаарт оруулж өгөх юм. Ингэснээр иргэн тухайн дугаараа хэлээд төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авах боломжтой. Олон улсад яг ийм жишгийг нэвтрүүлж, хэрэгжүүлдэг. Мэдээллийн технологи дэлхийд хурдацтайгаар хөгжиж буй энэ цагт улсын бүртгэлийн системийг ухаалаг систем рүү шилжүүлэх цаг болсон.

-Нэг иргэнд байгаа арав гаруй бичиг баримтыг олгохгүйгээр мэдээллийг нь тухайн 12 оронтой тоонд оруулна гэсэн үг үү?

-Тухайн бичиг баримт бүгд дугаартай. Тиймээс тус бүртээ дугаартай, бичиг баримт олгохгүйгээр иргэний үнэмлэх дэх 12 оронтой тоонд мэдээлийг нь оруулдаг болох юм. Жишээлбэл, эрүүл мэнд, татвар, халамжийн гэх зэрэг төрийн байгууллагууд холбоотой мэдээллээ түүнд орууна гэсэн үг. Иргэн татвартай холбоотой мэдээлэл авахаар бол тухайн байгууллагад хандаад 12 оронтой тоогоороо үйлчлүүлэх боломжтой болно. “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд ухаалаг иргэний үнэмлэхэд суурилж, бүх салбарын мэдээллийг багтаахаар зорьж байна. Ингэснээр иргэд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болно.

-Одоо хэрэглэж буй иргэний үнэмлэхээ яах вэ. Бүх хүний иргэний үнэмлэхийг солих уу.?

-Бүгдийг нь солихгүй.

Одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх хүчинтэй хэвээрээ байна. Харин анх удаа шинээр иргэний үнэмлэх авч буй 16, солиулж буй 25, 45 насны болон хаясан, гээсэн хүмүүст шинэчилсэн загвартай үнэмлэхийг олгоно.

Ямар нэгэн бичиг баримтын загварыг шинэчлэхэд тухайн үед хэрэглэж буй бичиг баримт хүчинтэй хэвээрээ байдаг. Тухайлбал, жолооны хуучин үнэмлэх одоо ч гэсэн хүчинтэй. Шинээр авч буй хүмүүст нь жолооны шинэ үнэмлэх олгодог шүү дээ. Яг үүнтэй адил одоо хэрэглэж буй болон цаашид шинээр олгох иргэний үнэмлэх хоёулаа хүчинтэй байна. Гэхдээ өөрийн хүсэлтээр иргэний үнэмлэхээ шинэчилсэн загвараар солиулж болно.

-Иргэний үнэмлэхний загварыг шинэчлэх ажлыг яг хэзээ эхлүүлэх вэ?

-2020 оны сонгуулийн дараа ирэх оны арваннэгдүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Анх удаа иргэний үнэмлэх авч буй болон солиулж буй хүмүүс шинэчилсэн загвартай үнэмлэх авахдаа одоогийн тогтоосон үнэ дээр нэмж мөнгө төлөх үү?

-Иргэний үнэмлэхийн үнэ нэмэгдэхгүй. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэн 16 нас хүрсэн иргэн 18300 төгрөг төлж анх удаа авдаг. Энэ үнээр л олгоно. Солиулж буй тохиолдолд ч мөн адил. Тиймээс энэ ажлыг хийхэд ямар ч нэмэлт төсөв мөнгө шаардлагагүй.

-Жилд хэчнээн иргэн үнэмлэхээ шинээр авч, солиулж байна?

-Жилд дунджаар 250 мянган иргэн үнэмлэх авдаг. Үүнээс 100-110 мянга нь иргэний үнэмлэхээ алдсан, хаяж, гээсэн байдаг. Энэ тохиолдолд мөн адил 18.300 төгрөг төлөхөөс гадна торгууль төлдөг.  Иргэний үнэмлэх мөнгөн дэвсгэрттэй адил үнэт цаас учраас хаяж, үргэдүүлэхгүй байх талаар хуульд тусгаж, иргэнийг үүрэгжүүлсэн байдаг. Тиймээс хаяж, гээсэн тохиолдолд 30 мянган төгрөгийн торгууль төлж, дахин авдаг.

-Бидний одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх дотор 12 оронтой дугаар байдаг юм байна. Үүнийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой юу?

Монгол Улсын 2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй. Эдгээр үнэмлэх дотор тухайн 12 оронтой тоо байгаа ч хэрэглээнд нэвтрүүлээгүй. Тиймээс үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ёстой. Одоо бид татварын байгууллагатай хамтарч ажиллан хамгийн түрүүнд энэ төрлийн үйлчилгээг иргэний үнэмлэхээр авдаг болгох гэж байна.

Цахим үнэмлэх ямар давуу талтайг харуулж, жинхэнэ утгаар нь ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Үүнийг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим засаглал буюу е-Монголиа хөтөлбөртэй нягт холбоотой.

-Цахим иргэний үнэмлэх гэдэг ч үүнийг нотариатаар батлуулахыг шаарддаг тохиолдол гардаг. Энэ асуудлыг шинэчилсэн иргэний үнэмлэх шийдвэрлэх үү?  

-Төрийн аль ч байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхийг заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. Улсын бүртгэлийн багц хуулийн үзэл баримтлалын дагуу төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй гэдэг зарчмаар цахим үйлчилгээний хэрэглээгээ илүү нэмж байгаа.  Харин зарим хувийн хэвшил, банк зэрэг нь ТҮЦ машинаас авсан лавлагааг хүлээн зөвшөөрдөггүй тохиолдол гардаг. Тиймээс энэ талын зохицуулалтыг холбогдох хуульд бас хийж өгөх нь зүйтэй. Монгол Улсын Засгийн газар мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжилд өндөр ач холбогдол өгч олон чухал шинэлэг зорилтуудыг дэвшүүлсэн. Үүний нэг жишээ бол “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрт ямар зорилт тусгасан бэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улсын бүртгэлд ямар ахиц дэвшил гарах вэ?

-“Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан. Хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтыг тусгасан.

Өнгөрсөн оноос УБЕГ-ын 23 төрлийн үйлчилгээг "burtgel.mn" цахим хаягаар үнэ төлбөргүй авах системийг нэвтрүүлээд байгаа. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг цахим санд нээлттэй байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан.

Мөн энэ оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болгосон. Ингэснээр 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар аваад байна гэлээ.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд хийсэн анализ, мониторингийн судалгаанаас харахад төрийн нийт үйлчилгээний 60-70 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ байна гэх дүгнэлт гарчээ. Тиймээс төрийн байгууллагуудыг цахимжуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийн зорилтод 2030 он гэхэд төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн байна гэж үзэж байгаа юм. Ямартай ч цахим үнэмлэхний загварыг шинэчилснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох нь. Ингэснээр иргэд ухаалаг цахим үнэмлэхийнхээ ид шидийг үзэх бололтой.