“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 онд байгуулагдаж, ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани 2016 оноос эхлэн ашигтай ажиллаж эхэлсэн. Тухайлбал 2016 онд компани анх удаа ашигтай ажиллаж, цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажилласан. Өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй. Энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа.

Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2019.12.10/ хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцэж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн. Тиймээс энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч жил "Эрдэнэс Тавантолгой" компани иргэдэд 1072 хувьцаанд ногдол ашиг тараалгүйгээр ашгийг  бүтээн байгуулалтад шингээсэн. Энэ жил ногдол ашиг иргэдэд өгөх үү?

-Манай компани бүтцийн хувьд гурван төрлийн хувьцаа эзэмшигчтэй. Төр 85 хувийг нь, 1072 хувьцаатай иргэд 14.7 хувийг, үлдсэн хувийг компаниуд эзэмшдэг. Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн компани тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг боддог байгаа. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа учраас ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэг иргэнд хэдэн төгрөгийн ашиг өгөх вэ гэдгээ гаргах ёстой. Арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр санхүү хаагдаж, тасалбар болгоод нэгдүгээр сарын 15 гэхэд 2019 оны санхүүгийн жилийн аудитлагдсан тайлан бүх компаниуд дээр гарч эцэслэгдэнэ. Энэхүү тайлангийн дараа ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ.

-1072 ширхэг хувьцааны асуудал сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улстөрчдийн хөзөр болчихсон гэж хэлж болно. Иргэдийн нэг хэсэг нь 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр авахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь нэмүү өртөг шингээсэн инноваци, эдийн засгийн тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хувьцааны ногдол ашгаа өгөх сонирхол бий. Хамгийн сонгодог шийдэл нь юу вэ?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би ТУЗ-өөс буюу төрөөс томилогдсон гүйцэтгэх захирал хэдий ч том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүйгээр бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адилхан төвшинд авч үзэх ёстой гэж үздэг. Засгийн газар буюу 85 хувийн хувьцаа эзэмшигчээс төмөр зам барих шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт бусад үйлдвэрүүддээ өнгөрсөн жилийн ногдол ашгийг тараах шийдвэр гаргасан. Компанийн 14.7 хувийн хувьцааг хоёр сая 511 мянган иргэн, аж ахуй нэгж эзэмшдэг.

-Энэ жилийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том төлөвлөгөө биелсэн гэж тодотгож болох байх. Цаашид эрсдэлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-2019 он манай компанийн хувьд төлөвлөгөө давуулан биелэгдэж байгаа. ТУЗ-өөс тухайн оны төсвийг баталдаг. Тэр хүрээнд баталж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээ давах магадлал өндөр. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ эрчимтэй буурч байна. Нөгөө талаар Хятадад нийлүүлж байгаа нүүрсний квот багассан мөн Австрали улс Хятадад их хэмжээний нүүрс нийлүүлж байгаа гэх мэт хэд хэдэн шалтгаан нүүрсний үнэд нөлөөлж байна.

-“Тавантолгой-Гашуунсухайт” буюу удаан хугацаанд зогсчихсон байсан төслийн анхны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр төслийг хөдөлгөсөн. Одоо ажил ямар хэмжээнд үргэлжилж байна вэ?  

-Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг 28 сарын хугацаанд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн. Бэлтгэл ажлууд нь эхэлчихсэн. Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг, компани байгууллагуудын үүрэг чиглэл нь тодорхой болоод ажил явж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд охин компани байгуулж, түүгээр дамжуулан IPO гаргаар болсон. Хэдийгээр IPO гаргах вэ?

-Бэлтгэл ажил нь хангагдаж байгаа. Одоогоор  нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.