Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

Элэг зүрхний хойморт орших Эх сайхан нутагтаа аж төрөн буй монголчуудаа, 

Эх дэлхийн хаяа хязгаарт тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье. 

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан эх оронд минь баяр наадмын уухай сэтгэл огшоон цангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго таарч, эрэмгий хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, эрхий мэргэн харваачдын цэц хараа жигдэрч, Монгол олон түмний минь мэлмийг баясгаж, сэтгэлийг хөглөсөн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. 

Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам юм. 

Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүчирхэг төрт улсыг байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, Тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавъяа, түүх цадигийн тухай энэхүү баярын өдөр бахархан тэмдгэлэхэд таатай байна.

Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай.

Айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай.