“Эрдэнэс-тавантолгой” ХК бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганд оролцлоо
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч Залуучуудын Зөвлөлөөс зохион байгуулсан Бизнес эрхлэгч Залуучуудын Үндэсний чуулган 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. 
Эдийн Засаг дахь  Залуучуудын оролцоог чухалчилсан уг арга хэмжээг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэмжин оролцож, компанийн үйл ажиллагааг  бизнес эрхлэгч залууст танилцуулан, мэдээлэл солилцлоо.
 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан арга хэмжээнд оролцогчдод хандан “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Манай компани нийгмийн хариуцлагын чиглэлээр тэр дундаа хүүхэд, залуучуудын боловсролд дэмжлэг үзүүлсэн ажлуудыг  тогтмол хийдэг. Энэхүү чуулганд оролцож буй бизнес эрхлэгч залуусаас эхний ээлжинд төлөөлөл болгон 45 хүнийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл  ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцох аялалд оролцуулахаар болж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв. 
 
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн Засаг, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М. Гэрэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зорилго, зорилт, эдийн засагт үзүүлэх нөлөө сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ компанийн нийт ажилтны  50 хувь нь 35 хүртэлх насны залуус байгааг онцолсон юм. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 2.511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэн баталгаажуулж, Монгол Улсын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон бөгөөд Засгийн газрын 296 дугаар  тогтоолын дагуу  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгах үүргийн дагуу ажиллаж байгааг илтгэлдээ дурдав. 
 
Мөн тэрбээр,  өнгөрсөн онд  компани 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол  энэ оны эхний хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, 2017, 2018 оны эдийн засгийн  үзүүлэлтүүдээр ТОП-100 компанийн хоёрдугаарт дарааллан жагсаж улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.
 
 
Түүнчлэн УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах үүрэг хүлээн, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлснээр шууд ажлын байр 3400-аар нэмэгдэж, шууд бус ажлын байр нь дээрх тоо 3-4 дахин үржигдэх боломжтой болох бөгөөд үүнд мэдлэг боловсролтой залуус та бүхний  оролцоо чухал гэдгийг хэллээ.