Хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооноос таван сая төгрөг, 5000 ширхэг амны хаалтыг Улсын Онцгой комисст өнөөдөр хандивлалаа. Тус холбоонд 45 сүм хийд харьяалагддаг бөгөөд үүний 30 нь Баян-Өлгий аймагт байршдаг байна.

Мөн өнөөдөр Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Улсын Онцгой комисст 70 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай хувцас хэрэглэл хандивлав. Үүнд, N95 маск, мэс заслын нэг удаагийн болон энгийн нэг удаагийн амны хаалт, мэс заслын халад, эмнэлгийн нэг удаагийн бээлий зэрэг багтсан байна.

Зун-Хуа нийгэмлэгийн 200 гаруй гишүүн компаниуд хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, барилгын материал, үйлчилгээ гэсэн таван салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хандивын аянд нэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.