Иргэн Б: Хүн амьтан хордоод, мал үхсэн юм бол байхгүй

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах “Баян Айраг Эксплорэйшн” компанийн уурхайд энэ сарын 11-ний өдөр цианидын сулруулсан уусмал гоожсон осол гарсан билээ. Мэргэжлийн байгууллагууд уурхайн хяналтын цооног, хөрснөөс дээж авч шинжилгээний хариу гартал уурхайн үйл ажиллагааг түг зогсоогоод байгаа аж. Харин энэ талаар олон нийтийн сүлжээ хийгээд зарим мэдээллийн хэрэгслээр ноцтой зүйлс яригдаж байгаа юм. Тиймээс энэ талаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Б-тэй утсаар холбогдож газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.


-Дөрвөлжин суманд нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тантай холбогдлоо. Үнэхээр цианид алдсанаас үүдсэн хохирол барагдахгүй хэмжээнд хүрээд байгаа юм уу. Суманд ажиллаж, амьдардаг хүний хувьд танд ямар мэдээлэл байна вэ?

-Цианидын ядуу буюу хүчийг нь сулруулчихсан уусмал гоожсон гэдгийг сонссоон. Газрын хөрснөөс нь дээж аваад шинжилгээнд явуулсан л гэсэн. Уурхайг нь тодорхой хугацаагүйгээр хаачихсан байгаа. Аймгаас хяналтын алба, орон нутгийн төлөөлөгч гээд төрийн хүмүүс ирээд явсан байна лээ. Шинжилгээний хариу нь гарч байж л бүх зүйл тодорхой болох байх даа.

-Нөхцөл байдал ямар байна вэ. Мал амьтан үхсэн, хүн хордсон зүйл байгаа юу. Та тэр талаар сонирхож үзэв үү?

-Хүн амьтанд хордоод, мал үхсэн юм бол байхгүй шдээ. Мэдэгдэх учруулсан хохирол гээд байх юм үнэндээ байхгүй л байна.

-Өмнө нь шувуу энэ тэр үхсэн гээд л шуугиж байсан?

-Тэр чинь уурхайтай холбоогүй л байсан  юм шиг байна лээ. Угаасаа бүр доошоо, манай сумын Онц багийн тэнд тийм асуудал гарсан гэсэн. Эндээс 100 гаруй км-ийн цаана байдаг баг шдээ. Тэгээд шинжилгээ авахаар ядуу хүчийг нь сулруулсан уусмал болохоор хор нөлөөгүй гэж шинжилгээний хариу нь ч гарсан байсан.

-Наана чинь тэгвэл асуудал сошиал орчинд бичээд байгаа шиг байхгүй юм байна гэж ойлголоо. Сумаараа нэгдэж энэ уурхайтай тэмцэж байгаа л гэж ойлгоод байгаа нь буруу юу?

-Би лав тэрийг мэдэхгүй юм. Хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр цацагдаад байгаа юмыг би хардаг. Тэгэхэд бол манай орон нутагт ажиллаж, амьдарч байсан буюу одоо орон нутгаасаа гараад өөр газар амьдарч байгаа хүмүүс л голцуу сөрөг талаас нь юм бичээд байдаг юм билээ. Тийм мэдээллийг дэвэргээд байгаа нь харагдсан. Яг энд сумандаа амьдарч байгаа хүмүүсээс коммент энэ тэр бичсэн байна уу гэхээр харагддаггүй шд. Мэдээж ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа газар алдаа оноотой л байдаг байх. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүн гараад ирэхэд л бүх зүйл тодорхой болох байх. Нүдэн дээр хүн хордоод л, мал амьтан үхэж үрэгдсэн юм алга л байна шүү дээ. Энд хэцүү зүйл ганц л байна.

-Тэр нь юу вэ?

-Манай сумаас энэ компанид 160 гаруй хүн, туслан гүйцэтгэгч компаниудтайгаа нийлээд 200 гаруй хүн ажилладаг. Нэг өрхөөс нэг хүн ажилладаг гэвэл 200 өрх ажилгүй, орлогогүй болчих гээд байна. Цар тахлын энэ хүнд үед энэ бол үнэхээр асуудал болж мэдэх нь. Зөвхөн манай сум ч гэлтгүй “Баян айраг”-ийн уурхайд аймгийн төвөөс, Эрдэнэхайрханаас, Завхан мандал сумаас гээд олон сумаас хүмүүс ирж ажилладаг. Сум орон нутаг эндээс л тэжээгддэг. Ихэнх өрх эндээс л ажлын байртай, эндээс л орлоготой байгаа нь үнэн шдээ. Хэрэв уурхай удаан хугацаагаар хаагдчихвал үнэхээр хэцүүднэ. Өрхийн гол эх үүсвэрээ цар тахлын үед алдчихаар их олон айлын амьдралд асуудал гарахаар байна.

-Та уурхайд ажилладаг уу. Эсвэл танай гэр бүлээс...?

-Үгүй ээ, би уурхайд ажилладаггүй сумын төвд байдаг хүн. Манайхаас ч ажилладаг хүн байхгүй. Гэхдээ манай сумын бараг тал өрхөөс нэг, нэг хүн ажилладаг. Орлогын гол эх үүсвэр нь энэ уурхай. Уурхайнхан хэцүүдвэл сумаараа хэцүүдэх нь ойлгомжтой.