Ц.Болорчулуун: Өвлийн хүлэмж барьчихвал 16 мянган тонн ногоог дотооддоо тариалах боломжтой

“Атар-4” аян болон газар тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-“Атар-4” аяны хүрээнд газар тариалангийн салбарт нийт 941.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ хөрөнгө оруулалтаар хийх гол ажлууд юу юу байна вэ?

-Юуны өмнө хүнсний хангамжийг бүрдүүлэхэд манай орны цаг уурын нөхцөл байдал хүндрэл учруулдаг. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улирлын онцлог нөлөөлдөг. Тиймээс юуны өмнө өвлийн хүлэмж маш чухал. Улсын хэмжээнд өнөөдөр 92 га талбай бүхий хүлэмж байна. Үүний 27 га нь өвлийн хүлэмж. Үлдсэн 60 гаруй га нь зуны хүлэмж. Хамгаалагдсан хөрсний тариалан буюу хүлэмжийн тариаланд дэлхий нийтээр нэлээд анхаарал хандуулж байна. Ямар нэг эрсдэлгүй, байгалиас хараат бус, дотроо усалгаатай, хамгаалалттай учраас тооцоолсон хугацаанд ургацаа бүрэн авах боломжтой зэргээрээ хүлэмжийн аж ахуй давуу талтай. Бид ч энэ төрлийн тариалан руу орох ёстой. Гэхдээ манайд туршлага бага.

-Өвлийн хүлэмжид тариалалт хийснээр хэчнээн тонн ногоо хурааж авдаг юм бэ?

-Хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, навчит байцаа гэсэн дөрвөн төрлийн ногоо л тариалдаг. Өвлийн хүлэмжийн 27 га талбайгаас 5600 тонн нарийн ногоо хурааж авч байгаа. Гэтэл дээр дурдсан дөрвөн төрлийн ногооны жилийн хэрэгцээг нэгтгээд, импортоор авсан хэмжээг нь харахад 15.6 мянган тонн болдог. “Багро”, “Газар шим” гэх мэт боловсруулах үйлдвэрүүд бүгд улаан, ногоон, шар чинжүүг импортоор авдаг. Нэг аж ахуйн нэгж жилд бараг дөрвөн тэрбум төгрөгийн чинжүү авдаг гэсэн тооцоо байна. Тэгж байж ногоогоо даршилдаг. Тиймээс боломж байгаад, тариалж чадвал чинжүүний зах зээл л гэхэд манайд хангалттай байна. ХХААХҮЯ-наас “Атар-4” аяны хүрээнд 50 га-д өвлийн хүлэмжний цогцолбор барихаар тооцоо, судалгаа хийсэн. Үүнд нийт 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Ийм өвлийн хүлэмж барьчихвал бид 16 мянган тонн ногоог дотооддоо тариалах боломжтой. Энэ хүлэмжийн цогцолбор жилд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана.  

-Хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа байх аа?

-Хүлэмжийн аж ахуйг дэмжих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэлээд ярьж, дэмжиж байна. Тиймээс бид дээр дурдсан 50 га-д хүлэмж бариад, импортын ногоог тэглэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Гэхдээ үүнд оруулах хөрөнгө оруулалт нэлээд өндөр гарна. Нэг га хүлэмж 2.5 сая доллараар барих тооцоо бий. Тэгэхээр 125 сая ам.долларын хөрөнгө хэрэгтэй. Эхний ээлжид 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийг 50 сая доллараар барья гэж байгаа. Үүнийг зөвхөн улсын төсөв биш гаднын улс орнууд болон олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтаар, 20-30 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлүүдээр санхүүжүүлэхээр судалж байгаа. Энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийе гэж сонирхлоо илэрхийлсэн улсууд ч байгаа. Хүлэмжээ барьчихад цаашид ашигтай учир хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж харж байгаа

-Нарийн ногооноос гадна бусад төрлийн хүнсний ногоо, төмс, мөн жимс, жимсгэнийн хангамж сайжирлаа гэхэд түүнийг дараа жилийн шинэ ургац гартал хадгалах боломж хомс байдаг. Хүнсний ногооны агуулахын хүрэлцээ хэр байгаа вэ?

-Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв барихаар болж нийт 10 га газар дээр зураг төслийг нь гаргасан. Мөн байгаль орчны үнэлгээг нь хийгээд бусад холбогдох зураг, төслийг нь ХХААХҮЯ-наас бэлэн болгочихсон. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Сонсголонгийн гүүрний баруун талд энэ төвийг барихаар төлөвлөж байгаа. Уг төв баригдчихвал хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг ямар ч хүндрэлгүй зохион байгуулах бололцоотой. Бид үүнийг БНСУ-ын туршлага дээр тулгуурлаж хийхээр ажиллаж байна. Тус улсад 1970-1980 онд хүнсний ногооны борлуулалт дээр манай өнөөдрийнх шиг ченжийн тогтолцоо голлож байсан юм билээ. Ногоочид ногоогоо тариад, түүнийг нь чэнжүүд авдаг байж. Тэгээд тал бүрээс нь судалж байгаад том худалдааны төв барьсан юм билээ. Уг төв нь Сөүлийн төвд байдаг. Энэ төвийн туршлагыг судалсан. Сөүл рүү орж байгаа бүх ногоо энэ төвд ирж шинжилгээнд ордог. Ингээд баталгаатай гэдэг тамгаа даруулаад дуудлага худалдаанд орж тэндээсээ борлуулалтад гардаг. Ногооныхоо үнийг дуудлага худалдаагаар тогтоодог. Борлуулалтаа нэг цэгээс хийнэ. Тиймээс аюулгүй байдлаа нэг гарт төвлөрүүлж, бүрэн хянадаг юм билээ.

Манай Улаанбаатарын хувьд баруун зүүн болон урд талын аймгуудаас хүнсний ногоо орж ирэхгүй. Зөвхөн хойноос буюу Дархан, Сэлэнгийн чиглэлээс бүх төрлийн хүнсний ногоо орж ирдэг. Тэр бүх ногоо Сонсголон дахь Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвд очно. Ингээд тухай өдөр жишээ нь лууван ханш нь унаад нэг килограмм нь мянгаар зарагдаж байвал агуулахад хийгээд ханш өстөл нь хүлээх боломжтой болно.

Энэ цогцолбор төв маань нийт 16 мянган тонн ногооны багтаамжтай агуулах болон борлуулалтын олон заалуудтай байх юм. Энэ дээр бидний төлөвлөж байгаа нэг том зүйл бол төрийн худалдан авалтыг бүгдийг эндээс нэг цэгээс хийе гэж байгаа. Жилд манайд зөвхөн төсвийн байгууллагууд төмс, хүнсний ногооны худалдан авалтад 70-80 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг байгууллагуудын хоол хүнсний хэрэгцээнд зориулагддаг. Одоо бол гурван сургуулийн дунд нэг хүнсний компани ажилладаг. Тэр компаниуд өөр өөрсдийн шугамаар л төмс, хүнсний ногоогоо газар газраас татан авдаг. Тэгвэл цаашид бүгд нэг үнэтэй, нэг эх үүсвэртэй, нэг хяналттай болох юм. Мөн энэхүү төвөөс “Барс”, “Меркури” зэрэг бүх зах, худалдааны төвүүд ногоогоо авдаг болчихвол бүх борлуулалтаа хянах давуу талтай.

-Энэ цогцолбор төвийг барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа вэ. Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Нийт 27.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай. Үүнийг БНХАУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээс үлдсэн хөрөнгөөс гаргах юм. Бид үүнийг хийчихвэл хүнсний аюулгүй байдлаа нэлээд сайжруулна. Хүнсний ногооны борлуулалтаа нэг цэгт төвлөрүүлж, нэг гарт аваад, бүрэн хянах боломжтой болно. Өнөөдөр бол ногоочид нэг хэсэг нь “Барс” зах дээр, нэг хэсэг возкал дээр, зарим нь Хан-Уул дүүрэгт “Мишээл экспо” дээр гэх мэтээр олон газарт төмс, хүнсний ногоогоо борлуулж байгаа. Энэ нь ямар ч төвлөрсөн хяналтгүй. Мэдээж МХЕГ хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ бүрэн хянаж чадаж байна уу гэдэг асуудалтай.

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийг солонгосууд өөрсдөө Сөүл хотдоо анх бариад бүх төрлийн хүнсний ногоогоо нэг цэгээс амжилттай худалдан борлуулдаг сүлжээтэй болсон. Дараа нь тэд ОХУ-ын Москва хотод яг ийм төв барьж өгсөн юм билээ. Бас Вьетнамд яг Сөүлийн загвараар барьж өгсөн

Бидний хувьд Улаанбаатарт ийм цогцолбор төв барихын зэрэгцээ хөл агуулахуудыг орон нутагт барьж байгуулна. Дархан, Сэлэнгэд тус бүр 3000 тоннын багтаамжтай агуулах барина ч гэдэг юм уу.  Ийм агуулахуудыг бид гадаадын хөнгөлөлттэй зээлээр барихаар ярьж байгаа. Жишээлбэл, Поьшийн хөнгөлөлттэй зээлээр аймгуудын төвд хүнсний ногооны агуулах барьж өгөөд, тэндээс борлуулалтаа нэгдсэн цэгээс хийнэ.

 

Г.Санчир