Хөнгөн үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн нэг тулгуур болох боломж

Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсын хувьд эдийн засгийг солонгоруулах нь нэн тэргүүний зорилт болоод байгаа. Үүний хамгийн чухал хэсэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагтиүзүүлэх нөлөөг өсгөж, мал аж ахуй болон газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ёстой. Тиймээс Засгийн газар ирэх дөрвөн жилд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү зорилтоо “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө томъёолжээ. Энэ чиглэлийн бодлогыг “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Монгол мал” хөтөлбөр болон салбарын үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван хэсэгт хуваан авч үзэж болно. “Атар-4” аяны хүрээнд 941.3 тэрбум төгрөг, “Монгол мал” хөтөлбөрт 997.9 тэрбум төгрөг, салбар дундын үйлдвэрлэлд 399.55 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь нийт 2.3 их наяд төгрөг буюу 820.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг юм.

 
Энэхүү төлөвлөсөн аян, хөтөлбөрүүдээ бүрэн хэрэгжүүлж чадвал монголчууд бид ирэх жилүүдэд дотоодынхоо хүнсний хангамжийг өөрсдөө бүрдүүлэхээс гадна илүү гарсныгаа экспортолж, ашиг олох боломж бүрдэнэ. Ингэж чадвал хөдөө аж ахуйн салбар уул уурхайгаас гадна эдийн засгийн нэг том тулгуур бий болох юм.

АРЬС ШИРЭЭ БҮРЭН АШИГЛАДАГ БОЛНО

Манай улс улс жил бүр 17-20 сая ширхэг арьс шир түүхий эд бэлтгэдэг. Гэсэн ч үүний 7 сая ширхэгийг л дотооддоо боловсруулдаг.  Ингэснээр жилд 10-13 сая ширхэг арьс хаягдал болон үнэгүйдэхээс гадна байгаль орчин, хүний эрүүл мэндийг бохирдуулж байгаа. Үүнийг шийдэх гарц гаргалгааг салбарын яам тодорхойлж арьс ширний үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай технологийг нэвтрүүлэхээр Дархан Арьс ширний үйлдвэрийг байгуулахаар ажиллаж буй.

Дархан хотын дэд бүтэц, газар нутгийг түшиглэн байгуулах энэхүү цогцолборыг 180 га талбайд барина. Дархан Арьс ширний үйлдвэрийн ТЭЗҮ хийгдсэн бөгөөд цахилгаан түгээх, хангах, дэд станц, арьс ширний боловсруулах үйлдвэрийн цэвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, уур үүсгэгч, бог малын арьс боловсруулах үйлдвэр, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн барилга урсгалтын ажил эхлээд байгаа билээ. Энэ цогцолборыг барьж байгуулахад 225.7 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ цогцолборыг барьж байгуулбал арьс шир хаягдал болдог, байгаль орчныг бохирдуулдаг урьдын цаг ул болох юм. Үүнээс гадна уг цогцолбор нь жилд 10 сая ширхэг арьс, 10 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур боловсруулах бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 10.5 мянган ажлын байр бий болох судалгаа байгаа. Ингэж чадвал орлого 265.8 сая ам доллар, экспортын орлого 232.7 сая ам доллар болох юм.

БАРУУН БҮСИЙНХЭН ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКТАЙ БОЛНО

Манай улсын баруун бүсэд нийт мал сүргийн 24 орчим хувь буюу 15 орчим сая толгой мал байдаг. Гэсэн ч энэ их баялаг төвийн үйлдвэрлэлийн бүсээс алслагдмал байдаг. Тиэмээс баруун бүсийн тулгуур төв, хилийн 2 боомттой зах зээл харьцангуй нэвтрэх боломж сайтай Ховд аймагт үйлдвэр технологийн парк багуулахаар Засгийн газрын шийдвэр гараад буй.

Энэхүү үйлдвэр технологийн паркид баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгох зорилгоор нэмж дэвшилтэт техник технологи бүхий 16-18 үйлдвэр баригдах ба 10 гаруй төрлийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр 2.0 сая ам.долларыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, түүхий эд боловсруулан экспорлох боломжийг бий болгох юм. Шинэ ховд үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ хийгдсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалт 2.0 сая ам.доллароор цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг бариад байгаа. Уг паркийг барьж байгуулснаар жилд 680.0 мянган ширхэг арьс, 3.0 мянган тонн ноос, 300 тонн ноолуур, 3.4 мянган тонн хаягдал яс, 440.0 мянган гогцоо өлөн гэдэс боловсруулах бүрэн хүчин чадлаараа ажиллахад орон нутагт ажлын байр нийт 750 бий болж,  орлого 16.2 сая ам.доллар, экспортын орлого 16.0 сая ам.доллар болохоор тооцжээ.

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ 1.6 САЯ ДОЛЛАРААР НЭМНЭ

Хүнсний үйлдвэрлэл, технологийн паркийг Дархан-Уул аймагт, 130 га талбайд барихаар төлөвлөөд байгаа.  Уг парк нь жилд 10 сая литр сүү, 45.0 мянган тонн чихрийн манжин,  25.0 мянган тонн төмс, 5.0 мянган тонн гурил үйлдвэрлэх, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд орлого дунджаар 8.8 сая ам.доллар, экспортын орлого 1.6 сая ам.доллар болно гэж тооцоолоод байгаа.

НООЛУУРАА БҮРЭН БОЛОВСРУУЛДАГ БОЛНО

Манай улс жилдээ 10 мянга гаруй тонн ноолуур бэлтгэх нөөцтэй бөгөөд нийт ноолуурынхаа 20 орчим хувьд нь гүн боловсруулалт хийж, 80 гаруй хувийг нь угаасан болон самнасан байдлаар экспортолдог. Ингэснээр энэ салбарт жилдээ 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн судалгаа байдаг.

Засгийн газар, салбарын яам ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, дотооддоо 100 хувь бүрэн боловсруулдаг болохын тулд ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. 2019 оны статистик мэдээллээс харахад манай улс нийт 2278 тн ээрмэл утас гаргах хүчин чадалтай. Цаашид бүрэн боловсруулахын ээрмэл үйлдвэрлэлийн хүчин чадлыг 5000 тн-д хүргэх шаардлагатай байгаа юм. Ингэж чадвал ээрмэлийн үйлдвэр жилдээ 232.7 сая ам.долларын  экспорт хийж, 1140 ажлын байр шинээр бий болгох юм.