Хөнгөн үйлдвэрийн салбар: Цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдсөнөөр ажлын байраа хадгалах боломж бүрдлээ

Цар тахлын онцгой нөхцөл байдалд иргэдэд ирэх дарамтуг бууруулахаар Засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь ирэх долдугаар сарын 1 хүртэл жагсаалтад ороогүй аж ахуйн нэгж, иргэдийг цахилгаан, уур, усны төлбөрөөс чөлөөлсөн. Энэхүү төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцахаар болоод буй. Засгийн газрын эл шийдвэр үйлдвэрлэл эрхлэгчдэд, тэр тусмаа хөнгөн үйлдвэрийн салбарынханд хэрхэн нөлөөлж байгаа талаар зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудын байр суурийг сонирхлоо.


“Их эргэлт” ХХК-ийн захирал Л.Даваажав: Энэ шийдвэр их зөв, чухал шийдвэр боллоо. Яг хөрсөн дээр буусан ухаалаг, алсыг харсан шийдвэр болж байна. Учир нь арьс ширний үйлдвэр төдийгүй бүх л салбарын үйлдвэрлэл эрхлэгч нарт маш том дэмжлэг болж байна. Үнэндээ ганц нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх нь бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлэхээс бус дэмжлэг болох нь бага юм. Харин үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлт үзүүлсэнээр эргээд үйлдвэрлэгч нар ажилчдаа найдвартай ажлын байраар хангах, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх боломжийг бүрдүүлж өглөө. Бид долдугаар сар хүртэл бараа бүртээгдэхүүн борлогдохгүй байсан ч илүү урсгал зардал гарахгүй болохоор үнэхээр сэтгэл санаа тайван үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байна. Манай компаний хувьд сардаа 10 гаруй сая төгрөг хэмнэгдэх боломж бүрдэж байгаа учраас төр засагтаа үнэхээр баярлаж байна. Тиймээс цахилгаан дулаанаа хэвийн хэмжээнд хэрэглэхийг нийт үйлдвэрлэгч нартаа уриалж байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр арьс ширний үйлдвэрлэл эрхлэгч нарт маш том бодитой дэмжлэг болсон шийдвэр байлаа. 2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоол гарч, арьс ширний салбарт 140.4 тэрбум төгрөгийн бондын хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж байсан юм. Үүнийг бид тухайн үедээ сүүлийн 30 жилд монголын арьс ширний салбарт авч хэрэгжүүлж байгаа нэг бодитой арга хэмжээ гэж харж байсан. Харин энэ удаагийн Засгийн газрын шийдвэр нь түүхэн бодитой шийдвэр болж байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд арьс ширний бэлэн бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулдаг жижиг аж ахуйн нэгжүүд хаалгаа барих болсон. Харин дээрх шийдвэр нь одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд урамшууллын механизмыг бүрдүүлэх боломжийг олгож байна. Тодруулбал, сайн ажиллаж байгаа ажилчиддаа 20-40 хувийн цалингийн урамшуулал олгох, ажлын байраа хадгалах, техник технологио сайжруулах, бусад дэвшилтэт зүйлд хөрөнгө оруулах зэрэг боломжийг бүрдүүлж өглөө. Тиймээс долдугаар сарын нэгэн хүртэл хэмнэгдэх мөнгөөрөө олон сайхан, сайхан зүйлийг хийнэ гэж бодож байна.

МонИтБулгиар ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхболд: Цар тахлаас үүдэж, дэлхийн зах зээлд арьс ширний бүтээгдэхүүний үнэ, борлуулалт буурсан. Харин энэ үед Монгол Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжийн хэрэглээний зардлыг хөнгөлсөн нь бидэнд үнэхээр бодит, том дэмжлэг болж, нүдээ олсон шийдвэр боллоо. Бүтээгдэхүүний өртөг зардал буурсан нь үнийн хувьд гадаад зах зээлд өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлж өглөө. Арьс ширний боловсруулах үйлдвэрийн нийт зардлын 20 орчим хувь нь дулаан, цахилгааны зардал байдаг. Энэ зардал хэмнэгдэж байгаа нь бодит дэмжлэг болж байна. Арьс ширний боловсруулах үйлдвэр нь ажиллах хүчийг ихээр шингээдэг. Тодруулбал, манай арьс шир боловсруулах хоёр үйлдвэрт нийт 220 орчим хүн ажилладаг. Энэ хүмүүс тасралтгүй ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал 600-700 сая төгрөгийн бүтээгдэхүүний зардлыг хэмнэх боломж бүрдэх юм.